Азиуд руу халдах халдлага улам ихсэж байна /Видео/
Өнгөрсөн мягмар гарагт Манхэттэн дүүрэгт явж байсан 65 настай Ази эмэгтэй рүү үл таних эрэгтэй халдаж хүндээр гэмсээсэн хэрэг гарсан байна. Энэ явдал хяналтын камерт бичигдэж үлдсэн. Энэ мэт Ази гаралтай иргэд рүү халдах явдал сүүлийн нэг сарын дотор АНУ даяар 150 хувиар нэмэгдсэн гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тус эмэгтэйд халдсан этгээд Ази хүмүүсийг доромжилсон үг хэллэг ашигласан аж. Халдлага үйлдсэн эрэгтэй түүнийг зодож, хэвлий, нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн байна.
Мөн энэ өдөр Нью-Йоркийн метронд Ази гаралтай эрийг өнгөт арьст залуу ухаан алдтал нь зодож , боомилсон байна. Дээрхи 2 халдлага аль аль нь өдрийн цагаар болсон, хажууд нь маш олон хүн байсан ч, хэн нь ч айгаад тусалж чадаагүй байна. Эхний тохиолдолд эмэгтэйг зодож байхыг дэргэдэх дэлгүүрийн хамгаалагч 2 залуу харсан ч, туслаагүйгээр барахгүй, дэлгүүрийнхээ шилэн хаалгыг хаасан нь Ази иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ.
Ер нь ойрын өдрүүдэд Америкийн нутаг дэвсгэрт Азиудыг чиглэсэн халдлага дайралт , хүчирхийлэл эрс өссөн. Тэр дундаа он гарснаас хойш зөвхөн Нью-Йорк хотод л гэхэд Ази гаралтай иргэдийг зодож, биед нь халдсан гэмт хэрэг 33 удаа гараад байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ази гаралтай хүмүүсийг гэмт хэргээс хамгаалах цогц арга хэмжээг авахаар болсныг Цагаан ордон өчигдөр зарлажээ.
Уг арга хэмжээний хүрээнд цар тахлын хямралаас эдийн засгийг аврах хөтөлбөрт зориулагдсан төсвөөс 49.5 сая ам.доллар үзэн ядах гэмт хэргийн хохирогч болсон Ази гаралтай хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулахаар болсон байна.
Мөн АНУ-ын хууль зүйн яам Ази гаралтай Америкчуудыг үзэн ядах гэмт хэргийн өсөлтөд тусгайлан анхаарал хандуулж, хэд хэдэн арга хэмжээ авахаар болсныг Цагаан ордон зарлажээ.