Бүх зүйл байгаа хэрнээ байхгүй...
Бүх зүйл байгаа хэрнээ бүх зүйл байхгүй. Бүх юм боломжтой юм шиг хэрнээ бүх зүйл боломжгүй ч юм шиг. Маш их ажилтай, маш завгүй. Амьдралаа сайхан, өөрийнхөөрөө бүтээх гэж байна гэж завгүй хөдөлмөрлөнө.
Тавилга худалдаж авчаад эвдрэх вий хэмээн халаглана. Хүүхдүүдээ дээр нь үсэрч гарахад юмаа эвдчинэ боль гэж уурлана. Цагаан хөшиг хийнэ. Хүүхдүүдийгээ хөшигөөр тоглоход халтар болголоо гэж уурлана. Хүмүүст зориулж гэрээ тохижуулна. Хүн ирээд юу гэх бол. Хүмүүс шоолно. Гаднаас хүмүүс ирэхээр гэж. Цагаа тулахаар жилд 30-40 зочин ирнэ. Үлдсэн хугацаанд нь гэр бүлээрээ л амьдарч байдаг. Хүссэнээрээ ямар нэгэн зүйлийг элээж чаддаггүй. Зүгээр л тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн хэтэрхий хэлбэрт баригдсан зүйлд баригдаж өөрийнхөө ямар зорилготой байгаагаа мартана.
Хүүхэддээ хайртайгаа батлахын тулд баахан хог авна. Нөгөө нь гэрээр нь хөглөрнө. Хүүхэддээ өөрийгөө сайн хүн гэдгээ нотлон харуулахын тулд хог авна. Эргээд сайн шүдний эмнэлэг хайна. Чарлуулж орилуулж шүдийг нь үзүүлнэ. Нөгөө л том болор гэрэл. Нөгөө нэг саатай обой. Нөгөө л замаск хийдэг, хана буддаг хүмүүсийн хүсэл сонирхолд хөтлөгдөж, тэр хүмүүсийн цаг заванд тааруулж гэрээ тохижуулна. Өөртөө, өөрсдийнхөө хүчинд огт итгэдэггүй. Монгол хүн гэж өөрийгөө андуурна. Дэлхийн хүн, дэлхийн нэг хэсэг байгалийн бүтээгдэхүүн гэдгээ мартчихсан. Бүгд л нэг тийм бусдаас өөр, бусдаас онцгой гэдгээ амьдралдаа батлах гэж оролдоно.
Бусдаас илүү аялсан, бусдаас илүү мэдрэмжтэй, бусдаас онцгой, будсаас нуух нууц ихтэй гэж бодно. Үнэндээ таны амьдрал бусдад тийм ч сонин биш шүү дээ. Өөрийнхөө амьдралыг сонирхолтой байлгах, өөрийнхөө амьдралыг бусдад ил байлгасанаар мөнгө босгож чаддаг Ким Кардашиан мэтийн хүмүүс чинь бүхэл бүтэн өөрийнхөө амьдралыг бичүүлдэг хөлсний бичээч, хөлсний студитэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нуух зүйл ихтэй бүх зүйлээ нууна. Ямар мэдрэмж мэдэрч байгаагаа, юу хүсч байгаагаа нууна. Хүний өмнөөс таргална. Буяны гэж андуурна. Тарган, чанасан хонины мах үнэртсэн, нүүрээ олигтой арчилдаггүй, язарсан гэдсээ арчилж чаддаггүй эмэгтэйг тэр болгон эрэгтэй хүн тэврээд хэвтээд байхыг хүсэхгүй. Харилцаа нь асуудалтай болж, нэг нэгнийхээ хувийн орон зайд хэтэрхий халдсанаас болж гэр бүлийнхээ дархлааг алдана. Алдсан дархлаагаа сэргээхийн тулд өөрөө хичээх ёстой, эмх цэгц, тайван тухтай байдал биш, өөрийнхөө зан чанар хувцаслалт, хувийн эрх чөлөөндөө өөрчлөлт хийх ёстой гэдгээ хэзээ ч ойлгодоггүй.
Нүүр зурган дээрээ цэцэг навчны зураг байлгаж, нүүр номон дээрээ шүлэг, хэн нэгэн ухаантай бачкагийн хэлсэн үгийг шейр хийнэ. Тэгээд л нээх худлаа атаархагчид хол бай, намайг тайван орхи гэж худлаа бичнэ. Баяраа чиний дургүйг хүргэсэн бол Баяраа зайл гэж бичих хэрэгтэй. Батаа чамаас мөнгө зээлсэн бол Батаа зээлсэн мөнгөө өг гэж бич. Түүнээс биш мөнгөтэй хүн болж Батаагийн зээлийг ашиглаж өөрийгөө рекламдахын тулд хэн нэгэн зээлсэн мөнгөө өг гэж бичих хэрэггүй.
Ер нь тэгээд хамгийн чухал зүйл чинь гэр бүл, хэн хэнийгээ эрх чөлөөг хүндэлж, гэртээ хүссэнээрээ байж, өөрийнхөө амьдралыг аль болох аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байлгаж, хүмүүст зориулж биш ,өөртөө зориулж эерэг нэг тийм сайхан чанараар бусдад хандах нь маш чухал шүү дээ. Заримдаа бидэнд бодох зүйл маш их байдаг. Заримдаа юу ч бодмооргүй үе байдаг.