Гэрлэх гэж бүү яар, эхлээд үерхэж сур
Хань ижлээ анхнаасаа зөв сонгоогүй эмэгтэйчүүд амьдралд их хохирдог. Гэр бүл зохиоход юуг анхаарах вэ?
1. Яарахгүй байх. "Хайртай хүнээ судалж мэдэх хугацааг өөртөө олго. Үерхэл нөхөрлөлийн явц дунд хүнийг таних боломжтой.
2. Цаг баримталдаггүй, болзоонд ирэхдээ архи үнэртүүлж ирдэг эр хүнээс зайгаа барь. Таныг хүндлэхгүй байгаагийн илрэл. Гэр бүл болоогүй байхад ууж байгаа хүн гэрлэсний дараа ямар ч авир гаргаж болно.
3. Удам угсаа, намтар түүхийг нь сонирх. Эмэгтэйчүүд үүнийг төдийлөн хайхардаггүйгээс сэтгэцийн асуудалтай, ёс суртахууны хувьд доголдолтой, архичин, орон шоронд сууж байсан үл бүтэх, балмад нөхөртэй амьдралаа холбох нь бий.
Эмэгтэйчүүдийн нэг дутагдал нь эрчүүдэд их уучламтгай ханддаг. Архи уусан ч ер нь тоохгүй. Тэгж байгаад гэрлэсний дараа болино биз гэж найддаг бололтой. Гэтэл статистик судалгаагаар бол гэрлэсний дараа эрчүүд улам их уудаг нь тогтоогдсон байна. Анхны гэрлэлт амжилтгүй болж (нөхөр уудаг) салахад эмэгтэй хүн наад зах нь нэгээс хоёр хүүхэдтэй үлдэж хохирдог. Салсан нөхөр хүүхдийн тэтгэвэр төлдөг байсан ч энэ нь амьдралд хүрэлцэхгүй. Тэгээд эмэгтэй хоёр дахь нөхөр хайж эхэлдэг.
Хоёр дахь гэрлэлт амжилттай болно гэх баталгаа байхгүй. Учир нь эр хүн өөрийн бус хүүхдэд (бүгд тийм биш) сэтгэлээс хандах нь тийм ч элбэг биш гэнэ. Иймд эмзгтэй хүний анхны сонголт, анхны гэрлэлт туйлын ач холбогдолтой тул хөнгөн гоомой бүү хандаарай. Та амьдралынхаа суурийг тавьж байгаа юм шүү дээ.