Өчигдөр /2021.03.26/ өглөөний 09:00 цагийн байдлаар батлагдсан коронавирусний 437 тохиолдлын 117 нь нэг газраас буюу ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан хүмүүс гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэлж байна. ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан 285 иргэний 117-гоос нь халдвар илэрсэн аж.
Халдварын тоо огцом өссөн харагдаж буй ч нэг газраас, нэг дор олон тохиолдол илэрснийг анхаарч үзэх хэрэгтэйг тэрбээр хэлж байна. Гэхдээ эрсдэл маш өндөр байгаа энэ үед өвчлөлийн тоо огцом нэмэгдэж, хяналтаас гарвал хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гэлтгүй өнөө маргаашгүй тавихыг ч үгүйсгэхгүй гэв.
Сануулахад, Улаанбаатар төдийгүй орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа тул УОК өчигдөр /2021.03.26/ хуралдан зарим шийдвэрийг гаргасан.
Нэгдүгээрт, Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргаж байна. Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэсэн үг.
Хоёрдугаарт, халдварын тархалт өндөртэй байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын "Улаан түвшин"-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.