Онгоц мөргөлдөхөөс сэргийлж чадсан Б.Даваасамбууг олон улсын нийгэмлэгээс шагнажээ
Иргэний нисэхийн үндэсний төвийн /ИНҮТ/ нислэгийн удирдагч Б.Даваасамбууг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс шагнажээ.
Тэрээр агаарын хөлгүүд ойртон мөргөлдөж, осол болохоос амжин сэргийлсэн бөгөөд ийм явдал жилд дунджаар хоёр удаа л болдог байна.
Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-аас манай нутгийг чиглэн нисэж явсан “Кореэйн Эйр” компанийн агаарын хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж явсан “Аэрофлот” компанийн агаарын хөлөгтэй хоёр улсын хилийн орчимд мөргөлдөх аюул тулгарсан байна.
Энэ үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, ИНҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн удирдагч Б.Даваасамбуу нөхцөл байдлыг тодорхойлон өөрийн бүсэд нислэг үйлдэж байсан агаарын хөлгийн чиглэлийг өөрчлөх заавар өгч шуурхай арга хэмжээ авснаар агаарын хөлгүүдийг мөргөлдөх аюулаас аварчээ.
ОХУ-ын нислэгийн удирдагчийн гаргасан алдааг ийнхүү манай нислэгийн удирдагч залруулан аюул ослоос сэргийлж чадсан бөгөөд хэрэв нэг минут л хоцорсон бол осол болох магадлалтай байв.
Түүний гавьяаг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс сайшаан “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад онцгой гавьяа байгуулсны төлөө” дипломоор шагнасан байна.
Түүнчлэн уг нийгэмлэгийн “Агаарын навигацийн түүх хувь хүмүүсийн дүрээр” хэмээх түүхэн галерейд зураг түүхийг нь байршуулахаар шийдвэрлэжээ.