H&М бренд Хятадын зах зээлд дахин худалдаалагдахгүй
H&M, Nike брэндүүд уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн байж болзошгүй гэсэн шалтгаанаар Хятадаас хөвөн авахаас татгалзсаныхаа төлөө Хятадын зах зээлээс арчигдаж байна. Түүнчлэн Calvin Klein, Adidas, Tommy Hilfiger, Uniqlo, Converse, Puma зэрэг хэд хэдэн брэндүүд энэ давалгаанд өртөөд байна.
Хятадын дотоодын цахим сүлжээ болох “Weibo” дээр дээрх брэндүүдийг бойкотлох уриалга гарч, удалгүй Хятадын хамгийн том цахим худалдааны сайт болох “Taobao” болон бусад онлайн худалдааны сайтууд дээрээс “H&M”-ийн онлайн дэлгүүр байхгүй болжээ. Энэ эсэргүүцэлд Хятадын олны танил зарим хүмүүс нэгдэн, дээрх брэндүүдтэй байгуулсан гэрээгээ ч цуцалжээ.
Сүүлийн үед Хятадын эрх баригчид Шинжаан дахь үндэстний цөөнхүүд болох уйгуруудын эрхийг ноцтой зөрчиж, тэднийг албадан хорьж, хөдөлмөр эрхлүүлж, тэр ч байтугай системтэйгээр бэлгийн боолчлолд өртүүлж байна гэж мэдээлэл гарч, барууны орнууд Хятадын эсрэг ээлж дараалан хориг тавиад байгаа билээ.
Харин Хятад улсын зүгээс үүнийг эрс няцааж, барууны орнуудын үйлдвэрлэл, худалдааг хаах боох зэргээр хариу арга хэмжээ авч байгаа нь энэ юм. Мөн Хятад улсын зүгээс Европын холбоо болон АНУ-ын зарим албан тушаалтнуудын эсрэг хариу арга хэмжээ авч хориг тавиад байна.