Глютенд мэдрэг хүнд илэрдэг чухал шинж тэмдгүүд
Глютен гэж юу вэ?
Глютен бол нийлмэл уураг бөгөөд ихэнх үр тарианы найрлагад ордог. Тухайлбал: улаан буудай, арвай, хөх тариа
Улаан буудайнд агуулагдах глютений агууламж нь нийт үр тарианы 80 хувиас багагүй байдаг. Латин нэршлээр бол glutin буюу цавуулаг гэсэн утгатай.
Үр тарианаас гарган авсан гурилыг шингэнтэй хольсноор глютен бий болдог гэж ойлгож болно. Улаан буудайнд агуулагдах глютен их байх тусам түүгээр бэлтгэсэн зуурмаг зөөлөн, жигнэхэд сэвсгэр болж хувирдаг.
Глютен ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ?
Үр тариагаар бэлтгэсэн бүтээгдэхүүн болгон глютеныг агуулах бөгөөд мөн кетчупны найрлаганд өтгөрүүлэгч болгон ашиглагддаг. Энэ тохиолдолд гол төлөв бүтээгдэхүүн дээр “сайжруулсан хүнсний цардуул” эсвэл “гидролизын уураг” гэсэн тэмдэглэгээтэй байдаг.
Нас биенд хүрсэн хүн хоногт дунджаар 10-40 гр глютен хэрэглэдэг. Энэхүү глютеныг төрөл бүрийн талх, макарон гоймон, нарийн боов эсвэл шууд хуурай байдлаар хэрэглэдэг.
Глютен агуулсан бүтээгдэхүүн: Цагаан болон хөх тарианы талх, нарийн боов, макарон
Тэгвэл глютен хүний эрүүл мэндэд хортой юу?
100-150 хүн тутмын 1 буюу хүн амын 1 хувьд глютенд мэдрэг, харшилтай буюу целиак өвчтэй хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл хүний дархлал глютентэй харьцсанаар бие организм бүхэлдээ хямарч эхэлдэг. Ингэснээр биед ноцтой харшил үүсдэг. Хэдийгээр глютенийг бусад хүнстэй цуг хэрэглэж байгаа ч эхэндээ ходоод хэвийн бус болж, улмаар гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдан, сахар болон тос, амин дэм, эрдэс бодисын шимэгдэх түвшин буурдаг байна. Мөн илүүдэл жинд нэрвэгдэж, хэвлий хэсгээр илүүтэй таргалдаг.
Глютенд мэдрэг хүнд илрэх чухал 7 шинж тэмдэг
1.Тахианы арьс
Уутанцарт кератоз буюу хүмүүсийн мэддэгээр “тахианы арьс” хэмээх энэ эмгэг нь нуруу болон гар, гуя хэсгээр илүүтэй гардаг. Энэ нь өөх, тосны хүчил дутагдсанаас үүсдэг.
2. Тогтмол толгой өвдөх
Мигрень буюу тогтмол толгой өвдөх нь глтютенд мэдрэг хүнд илэрдэг бас нэг чухал шинж тэмдэг юм. Мөн бие усгүйжих ба бусад өөр өвчлөлүүд үүсч болдог.
3.Аутоиммун өвчин
Глютенд мэдрэг, харшилтай хүмүүс хүний дархлаатай холбоотой үүсдэг аутоиммуны өвчин болох тиреоидит, Хашимото, чонон хөрвөс, шархлаат колит, склеродерми, хайрст үлд зэрэг өвчнөөр илүүтэй өвддөг.
4.Хоол боловсруулах тал дээр байнгын асуудалтай байх
Гэдэс дүүрэх, унгах, суулгах, өтгөх хатах зэрэг шинж тэмдэг нь глютенд мэдрэг хүнд илэрдэг. Глютенд мэдрэг хүүхдэд илрэх гол шинж тэмдэг бол өтгөх хатах юм.
5.Толгой эргэх
Толгой эргэх болон биеийн тэнцвэрээ алдах нь мөн л энэ эмгэгийн шинж аж.
6.Архаг ядаргаа
Янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хүн архаг ядаргаанд орж болно. Нөгөө талаас бие организм усгүйжсэнээр мөн ядардаг. Ялангуяа глютен агуулсан хүнс тэжээл хэрэглэсний дараагаар та голдуу ядарсан мэт болдог бол энэ нь баттай шинж тэмдэг шүү.
7.Фибромиалги
Энэ өвчин нь бүх биеэр болон биеийн аль хэсгийг хамарсан өвдөлт үүсгэдэг өвчин аж. Энэ өвчнөөр өвдсөн болон архаг ядаргаанд орсон хүмүүс глютенд мэдрэг байх нь бий. Иймээс та найдвартай оношлуулж, глютен агуулсан хүнс хэрэглэхээс татгалзах нь зүйтэй юм.
Глютен агуулаагүй хүнсний жагсаалт
Глютен агуулаагүй хүнсэнд бүх төрлийн мах, загас, өндөг, төмс, цагаан будаа, эрдэнэ шиш, вандуй, шош, самар, жимс ногоо ордог аж. Мөн гурвалжин будаа хэрэглэсэн ч болно. Учир нь түүний найрлаганд глютен агуулагддаггүй аж.
Глютенд мэдрэг байдлаа тодорхойлох нь
Үүнийг гэрийн нөхцөлд хялбар байдлаар тодорхойлж болох ба талх болон глютен агуулсан бүтээгдэхүүнийг хоолны дэглэмнээсээ хасч хэдэн өдрийн турш өөрийн биеийг ажиглаарай. Хэдэн өдрийн дараагаар хоолны дэглэмд талх болон глютен агуулсан хүнсийг эргэн оруулаад өөрийн хоол боловсруулах эрхтэнд ямар нэгэн асуудал үүсэх эсэхийг ажиглаж болдог. Хэрвээ та глютенд мэдрэг нь тодорхой болвол эмчид хандан шалгуулах боломжтой.
Жирийн хүмүүст глютен аюултай юу?
Глютенд мэдрэг эмгэг нь генийн өвчлөл бөгөөд хэрэв танай эцэг эх болон ойр дотны хэн нэгэн энэ эмгэг буюу целиакаар өвдсөн бол та ч гэсэн өртөх магадлалтай. Энэ тохиолдолд глютен агуулсан дурын хүнснээс татгалзахад л болно.