Изриаль хүн амаа вакцинжуулж дуусч, хэвийн байдалд орлоо
Өнөөдөр Изриаль улс бүх хүн амаа вакцинжуулж дуусаад хэвийн байдалд орлоо. Сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо нээгдэж, үзвэр үйлчилгээ хэвийн явагдаж, тэр байтугай амралт зугаалга эхэлсэн.
Гэтэл манайд байдал хурцдаж байна. Аймаг сум руу тарчихлаа. Өнгөрсөн жил энэ өвчин эхэлж байхад "Монголчууд өвдөхгүй. Тэнгэр заяатай. Тусгай геньтэй" гэж орилж байсан хүмүүс хаа яваа бол. "Вакцин гэдэг чинь чип. Худлаа зүйл. Битгий хийлгэ. Энэ бол улстөрийн хяналт" гэж хэлж байсан хүмүүс өөрсдөө хийлгээд гадаад руу тусгай үүргийн онгоцоор нисээд яваад өгсөн. Гадаадаас наадах чинь худлаа гэж орилдог хүмүүс нь нөгөө вакцинаа хийлгэж л байна. Өнгөрсөн жил хичээл сургууль орж байхад "Хүүхдээ би сургуульд явуулж тэр өвчинг тусгах үхүүлэхгүй" гэж байсан хүмүүс өнөөдөр бид тэвчихээ байлаа, хорихоо боль, юмаа нээ гэцгээж байна.
Цорын ганц арга зам бол вакцин. Өөр ямар ч арга хэмжээ туслахгүй. Харамсалтай нь бидэнд өөрсдөд маань асуудал байна. Үй олон англи хэлтэй, өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгдөг, өөрсдөө ийш тийш явсан хүмүүс байгаа хэрнээ ганц гүүглэдээд вакцин гэдгийг л ойлгоод уншиж чадахгүй л байсан. Үй олон сэтгүүлчид байгаа хэрнээ нэг нь ч ийм цаг үед ёс зүйтэй ажиллах гэдгийг нэг удаа ч бодоогүй. Хэний захиалгаар ямар юм бичвэл хэдэн лайк авах вэ гээд л өлөн чоно шиг хаа сайгүй хярцгааж байна.
Манайд боловсрол, тэр дундаа ёс суртахууныг уландаа гишгэсэн учраас, учирыг тунгаах завгүй учраас, өдөр шөнөгүй гар утас руугаа тонгойж байгаа учраас, хүн бүхэн мөнгө бодож байгаа учраас, хүн бүр өөрийгөө нэн тэргүүнд тавьж байгаа учраас, бид өөрсдөө худлаа хүмүүс учраас, бидний асуудал улам бүр томорч байна. Үлээсэн шаар шиг нэг л өдөр бидний асуудлууд хагарч хүн бүр дээр тусах байх даа.
Б.Чимэдлхам