В.Путин дахин хоёр удаа Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болжээ
ОХУ-ын Парламентын доод танхим болох Төрийн Дум Ерөнхийлөгч Владимир Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ.
Тус улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хязгаар нь одоогийн төрийн тэргүүний өмнөх бүрэн эрхийн хугацааг харгалзахгүйгээр үйлчлэх аж. Ингэснээр Владимир Путин дахин хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
Уг хуулийн төслийг Төрийн Думын гишүүд болох Павел Крашенинников, Ольга Савастьянова нар Холбооны Зөвлөлийн (Парламентын дээд танхим) гишүүн Андрей Клишасын хамт 2020 оны 11 дүгээр сард доод танхимд өргөн барьсан билээ. Тус баримт бичигт ОХУ-ын төрийн тэргүүний суудалд томилогдох боломжтой иргэд нь 35-аас дээш насных байх бөгөөд ОХУ-д дор хаяж 25 жил тасралтгүй амьдран, гадаадын иргэншил, гадаадад оршин суух зөвшөөрөл авч байсан удаагүй байх ёстой хэмээн заажээ.
Түүнчлэн энэхүү шинэчилсэн хууль тогтоомжид Оросын Парламентын сонгуулийн тухай хуулийн зарим зүйлийг тодруулан тэмдэглэсэн байна. Үүний хүрээнд доод болон дунд түвшний гэмт хэргээр ял сонссон хүмүүсийг ялаа эдэлсэн, эсвэл ял шийтгэлээс нь чөлөөлснөөс хойш таван жилийн хугацаанд Парламентад нэр дэвшихийг хоригложээ.
Эх сурвалж: TASS