Каффейныг хэтрүүлэн хэрэглэвэл шингэний дутагдалд орно
Бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон кофе, ногоон цай зэрэг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэсэн судалгааны үр дүн маш олон байдаг боловч, сайны хажуугаар саар гэгчээр кофе, цайг хэтрүүлэн хэрэглэснээр илрэх сөрөг муу талууд ч бишгүй дээ их байдаг байна.
Ходоод муудах, нойргүйдэх, цусны даралт өндөрсөх гэх мэтийг нэрлэж болох ба мөн кофеноос болж давсагны хорт хавдрын эрсдэл өндөрсдгийг харуулсан судалгаа байдаг ажээ.
Кофе, ногоон цай, байхуу цай зэрэг каффэйн агуулсан ундаанд шээс ялгаруулах үйлчилгээ хүчтэй байдаг буюу усгүйжилтийг дэмждэг болох нь хамгийн том сул тал нь юм. Ялангуяа өтгөн нь хатах хандлагатай байдаг хүмүүс өтгөнөө хатахаас сэргийлэн шингэн юм ууж байгаа нь гэж кофе, ногоон цай зэргийг ууснаар бие нь усгүйжиж, бодсоноос шал эсрэг үйлчилгээ үзүүлэх жишээтэй.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд ч кофе болон байхуу, ногоон гээд аль ч төрлийн цайг хязгаартай хэрэглэх хэрэгтэй болох нь. Амны цангаагаа усаар биш цайгаар орлуулдаг бол энэ хамгийн муу зуршил гэнэ. Тэгэхээр өдөртөө хэд гурван удаа “кофе-брек” буюу кофе уух завсарлага, “ти-тайм” буюу цай уух цагаар амьсгаагаа жигдлэн тайвшрах зорилгоор таашаан хэрэглэх нь л хамгийн зөв болов уу.
Хирашима Тэцүро “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх 50 дадал” номоос...
Орчуулсан: Өнөболд, Тохокү Их сургуулийн оюутан