Нэг л зүйлийг өөрчлөгдөхөд дагаад БҮХ зүйл өөрчлөгддөг
Миний нэг танил эмэгтэйн амьдрал ганц аяганаас эхлээд өөрчлөгдсөн юм. Тэрээр нэгэн эмнэлгийн архивт хүмүүсийн өвчний түүхийг цаасны тоосонд даруулан байж ангилан хураадаг болоод удаж байлаа.
Мэс заслын, нүдний, бөөрний, бүдүүн шулуун гэдэсний гээд эмнэлгийн бүх тасаг өвчтөнүүдийнхээ түүхийг танилд маань хүлээлгэн өгдөг тул ажил нь дундарна гэж үгүй. Гэсэн ч тэрээр ажлынхаа дундуур түр амсхийнгээ цахилгаан данхандаа ус буцалган амсар нь эмтэрсэн аягандаа цай хийж уудаг байж. Ажлынх нь өрөө гэвэл ихээхэн хуучирч муудсан байж: тааз нь энд тэндгүй цуурч ангайсан нь оёдлоороо ханзарсан хувцсыг санагдуулж, өрөөний булан тохой болгонд нь хар мөөгөнцөр геометрийн хурдаар тэлж, аалзны тор энд тэндээс салмайн унжих аж.
Нэг өдөр танилыг маань дарга нь өрөөндөө дуудаад Мартын 8-ны мэнд хүргээд гангар шаазан аяга бэлэглэж гэнэ. Амсар ирмэгээрээ эмаль будаг нь солонгорон туяарсан, алтан хээ угалзтай, өндөгний хальс мэт нимгэн, тун чамин эд байхыг үзээд танилын маань нүд нээгдэх шиг болж гэнэ. Ажлынхаа өрөөнд орж ирээд тэрээр ямар аймшгийн муухай нөхцөлд ажиллаж байснаа сая нэг ухаарч. Хоёр долоо хоногийн дараа ажлаасаа гарсан юм.
Төрсөн эгчийн маань түүх хайрцаг чүдэнзнээс эхэлсэн юм. Эгч маань чүдэнзний модоор элдвийн баримал урлах хоббитой байлаа. Нэг өдөр цэцэрлэгт хүрээлэнд вандан сандал дээр суучихсан, чүдэнзээр урлах ээлжит бүтээлийнхээ эскизыг ноороглон зурж байхыг нь дэргэдүүр нь өнгөрч явсан нэг зураач олж хараад өөрийнх нь урланд ажиллах санал тавьснаар эгч маань дүрслэх урлагийн салбарт эргэлт буцалтгүй орсон юм.
Булгаковын зохиол инээд хүрэм өчүүхэн зүйлээс эхэлдэг: Аннушка тос асгаж орхидоггүй юу. “Шоколад” романы үйл явдал хиам, шажигнасан вафельний үнэр шингэсэн зөөлөн салхинаас эхэлдэг. Сальвадор Дали цаг хугацааг урсаж буйгаар дүрслэх санаагаа хайлуулсан бяслагнаас авсан бол Чак Паланик бүлэг этгээдүүдэд навс зодуулснаар “Тулааны клуб” (хүн бүрийн уншвал зохих 100 номд ордог) зохиолоо бичхээр шийдсэн гэдэг.
“Дэлхийн тойрсон 80 хоног” нэртэй хүүхэлдэйн кинонд: “Амьдрал гэдэг бол гинжин хэлхээс. Амьдралд тохиолдох жижиг юм бүхэн тэр гинжний холбоосууд. Тиймээс ганц ч холбоосыг ойшоож үл болно” гэж гардаг.
Бидний амьдрал олон жижиг зүйлээс бүрддэг. Нүдний харц, бодол, хэл яриа, инээмсэглэл, толгойн хөдөлгөөн, алхаа гишгээ, тасарч унасан товч, хаяж гээгдүүлсэн тийз, толгой дээр унасан алим гээд... ач холбогдолгүй мэт санагдах олон жижиг зүйл мяндсан утсанд хэлхээстэй сувд шүр адил ар араасаа хөвөрсөөр дахин давтагдашгүй үйл явдал, эсвэл бүр “шедевр” гэгдэхүйц бүтээл төрөхөд ч хүргэж болно.
Суут эрдэмтэн Александр Флеминг лабораторидоо мартаж явсан нянгийн дээж хөгцөрсөн байхыг шинжилж байгаад пенициллиныг анх нээсэн юм.
Кока модны навчийг Африкийн самартай хольж хийдэг микстурыг хэн нэг нь хийжүүлсэн усаар шингэлснээр Кока Кола хэмээх ундаа бий болсон түүхтэй.
Тод бадмаарган буюу гүн улаан өнгөтэй шил, нэгэн шилчин эр эхнэртэйгээ муудалцсаны “ачаар” бий болсон гэдэг. Яасан бэ гэхээр шилчний эхнэр уурандаа алтан бөгжөө хайлсан шилтэй тогоо руу шидэж орхиж л дээ. Тэгтэл тогоотой хайлмагны өнгө нүдэн дээр нь гүн улаан болон хувирсан гэдэг.
Тэгэхээр Харуки Муракамигийн хэлснээр “Энэ хорвоо дээрх хамгийн чухал зүйлс чухам жижиг зүйлсээс эхэлдэг” ажээ.
Эх сурвалж: F4B