Биеийн тамир спортын газраас “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” хөдөлгөөнийг 14 хоног өрнүүлж буй. Гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн уг цахим гүйлтэд цөөнгүй байгууллага нэгдсэн гэнэ. Мөн орон нутгийн Биеийн тамир, спортын газрууд эл хөдөлгөөнийг дэмжиж, аймагтаа гүйлт зохион байгуулж, үүнийгээ олон нийтийн сүлжээнд байршуулж байна.
Хангайн бүсийг төлөөлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Биеийн тамир, спортын газрынхан байгууллагынхаа биеийн тамирын зааланд спортын багахан арга хэмжээ зохион байгуулж, олон нийтэд дамжуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч С.Дашдаваа мэдээлэл өгч, оролцогчдод амжилт хүсэв. Зүүн бүсийг төлөөлж Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар нь байгууллагынхаа биеийн тамирын заал, хөл бөмбөгийн талбайгаас дасгал хөдөлгөөн хийж, цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Баруун бүсээс Баян-Өлгийн аймгийн Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ром аймагтаа алхалт гүйлт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан талаараа танилцуулжээ. Баруун, зүүн, төвийн бүсийн тамирчид энэ мэтээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бие бялдраа чийрэгжүүлэх дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд ийн сурталчилж, “Ковид-19” цар тахлын үед иргэдийг биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэхэд уриаллаа.