Ким Жон Уны дүү Пхеньян Сөүлтэй хийсэн гэрээгээ цуцлана гэж сүрдүүлжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өмнөд Солонгос АНУ-тай хамтран хээрийн сургуулилт хийсэнтэй холбоотойгоор Пхеньян Сөүлтэй хийсэн энхийн гэрээгээ цуцална хэмээн мэдэгджээ.
Тэрээр Пхеньян БНСУ-ыг АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийх явдлыг эсэргүүцсээр ирсэн гэдгийг онцлон, үүнтэй холбоотойгоор хоёр Солонгосыг энх тайван замаар нэгтгэх зөвлөлийн үйл ажиллагааг цуцлах асуудлыг хэлэлцэх болно гэжээ. Түүнчлэн Ким Ё Жон Сөүлийн цаашдын алхмуудыг ажиглаж, хэрэв Сөүл шүүмжлэл дагуулсан, өдөөн хатгасан үйлдэл хийсэн тохиолдолд Пхеньян Сөүлтэй хийсэн энхийн гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн байна.
Мөн Ким Ё Жон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засгийн газарт хандан Хойд Солонгосын бухимдлыг төрүүлэх алхмуудыг хийхгүй байхыг анхааруулжээ. БНСУ болон АНУ хамтран өнгөрсөн долоо хоногоос эхлэн цэргийн хамтын сургуулилтаа эхэлсэн ба коронавирусын цар тахалтай холбоотойгоор хээрийн сургуулилтанд цөөн тооны албан хаагчид оролцож байгаа аж. Түүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар энэ долоо хоногт БНСУ-д айлчлахаар төлөвлөжээ.
Хойд Солонгосын зүгээс БНСУ-ыг АНУ-тай хамтран хээрийн сургуулилт хийх явдлыг эсэргүүцсээр ирсэн ба 2020 оны 6-р сард Пхеньян Сөүлтэй бүх харилцаагаа таслаж, хоёр Солонгосын хил дээрх хоёр улсын харилцаа холбооны газрыг буулгасан билээ.
Эх сурвалж: Interfax.ru