Нью Йорк хүртэл заргалддаг нөгөө хоёрыгоо шалгуулъя аа...
За манайх чинь өглөө оройгүй заргалдаж байдаг хоёр оффшорчинтой болсон. Энхрий хайрт Ерөнхийлөгч маань 2020 оны 11 дүгээр сар хүртэл оршин тогтносон оффшор данстай болохыг Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэлээс тодорхой зарласан.
УИХ-ын гишүүн Сү.Батболдын хувьд зарим хүний хэлж байгаагаар зургаан улс дамнуулан шалгаж буй оффшор хөрөнгөтэй, гэхдээ Монголынхоо банкуудад 10 орчим тэрбум төгрөгийн өртэй гэж байгаа. Сонирхолтой нь Сү.Батболдын нэр дээр Нью-Иоркийн шүүхэд "King and Spalding" хуулийн фирмээр дамжуулан гаргасан гомдлыг Х.Баттулгын хонгилын прокуроруудын нэг нь илгээсэн байдаг. Гэтэл Нью-Иоркийн шүүх "Энэ бичиг цаасан дунд чинь Монгол Улсын Засгийн газрыг албан ёсоор төлөөлж чадах ганц баримт алга" гэж үзээд буцаачихсан.
Гэтэл яав, Сү.Батболд эргүүлээд "Gibson dunn" хуулийн фирмээр дамжуулан Нью Йоркт өөрийнх нь нэр төрд халдаж, гүтгэлгийн чанартай хэрэг бүрдүүлэх гэж оролдсон явдлыг шалгуулахаар хандчихлаа. Өөрийгөө ч шалгуулъя, өнөөх оффшорчноо ч шалгуулъя гэж байна. Ингээд хэрэг мандаж байгаа нь тэр дээ. Монгол Улсын Оффшорын тухай хуульд зааснаар төрийн өндөр албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн хэн нэгэн оффшор бүсэд данстай, эзэмшил хөрөнгөтэй бол албан тушаалаас нь эргүүлэн татаж, Эрүүгийн хуулиар зохих ялыг өгөх ёстой. Гэтэл энэ хоёр хүн хоёулаа оффшорчин болчихоод байдаг. Нэг нь УИХ-ын гишүүн, нөгөөх нь Ерөнхийлөгч. Харсаар байтал ард түмнээ басаад, ардын төрийг дээрэлхээд байгаа юм уу, арга хэмжээ авах, албанаас нь эргүүлэн татах, шалгах талаар өнөөг хүртэл АТГ ямар ч алхам хийлгүй өнөөг хүрлээ. Нөгөө хоёр нь Нью Йорк хүртэл ээлжилж заргалдаад, эрүүгээ зууртал маргаж байна.
Нэгэнт мөрдөхгүй юм бол яах гэж хууль баталж, худлаа хийрхэж байдаг юм бэ гэж асуумаар байна. Тогтоосон хуультай тусгаар улс байтлаа том албан тушаалтнуудынхаа өмнө ингэтлээ жижгэрч, тэгтлээ жингүйдэх гэж байх уу? Тэр хуулин дээр чинь маш тодорхой бичээтэй байгаа. Тэгж яривал 2017 онд батлагдсан Оффшорын тухай хууль тухайн үеийн парламентийн гишүүдийн 70 гаруй хувийн саналаар баталгаажсан юм билээ шүү. Хуулиа дагаад худал, үнэнийг ялгаж мэдмээр байна. Эсвэл энэ хүмүүс чинь хуулиасаа томроод, төрөөсөө өндөр болцгоочихсон юм бол тэр хуулиудаа бүгдийг нь хүчингүй болго, Нямбаатар аа. Мөрдөгддөггүй хуулиар яадаг юм, гаргаад шатаачихгүй юу. Нэг бол энэ хоёр алдарт оффшорчноо шалгаад өг.
Үнэнээр явсан нь нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөд улс төрийн тавцандаа нэр төртэйгээр эргэн ирдэг юм байгаа биз. Юунаас нь айдаг байна аа, оффшорчин л бол оффшорчин, хууль л бол хууль шүү дээ, тэдний төрийн тэргүүн, түмний манлай, эрхэм гишүүн, эгэл түшээ байх хэнд хамаатай юм? Эгэл иргэний нуруун дээр ташуур болж буудаг хууль эрх мэдэлтний өмнө иргүй хутга, ишгүй илд юм уу, эсвэл?
Р.Эмүжин