"AstraZeneca" вакцин хийхийг Европын зарим орнуудад тодорхойгүй хугацаагаар зогсоов
Дани, Исланд, Австри, Норвеги, Итали, Литва, Латви, Эстони, Люксенбург зэрэг Европын орнууд сүүлийн 24 цагийн дотор Оксфордын их сургууль, Швед-Британийн “AstraZeneca” концерны хамтран бүтээсэн вакциныг хэрэглэхийг зогсоосон байна.
Учир нь хэд хэдэн улсад тус вакциныг хийлгэсэн хэдэн арван хүнд цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч, Данид нэг хүн Итали улсад хоёр хүн нас барсан байна. AstraZeneca вакцины хоёр тун тариулсныхаа дараа цусны бүлэгнэл оноштойгоор нас барсан байна. Тийм учраас хамгийн түрүүнд Данийн Эрүүл мэндийн яам энэхүү вакциныг тодорхойгүй хугацаагаар хориглосон бөгөөд бусал Европын орнууд ч тодорхойгүй хугацаагаар дээрх вакцины хэрэглээг зогсоосон юм.
Дани улсын эрүүл мэндийн сайд Магнус Хюнике “Одоогоор вакцинтай холбоотой үүссэн эрсдэл гэж дүгнэх боломжгүй байна. Ямартай ч бид түрүүлж арга хэмжээ авч, нарийвчлан шалгах хэрэгтэй” гэж твиттер хуудсандаа жиргэжээ.
Европын Эмийн агентлаг AstraZeneca вакцины талаар судалгаа, шалгалт явуулж эхэлсэн ч гишүүн орнууддаа үргэлжлүүлэн хэрэглэж болно хэмээн мэдэгдсэн юм. Харин Их Британийн засгийн газар өөрийн үйлдвэрийн вакцинд ийм сөрөг нөлөө байхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахаа мэдэгджээ.
Энэхүү шийдвэрийн улмаас “AstraZeneca” компанийн хувьцаа огцом унажээ. "AstraZeneca"-гийн вакцин нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн хоёр вакцины нэг бөгөөд нэгээ нь АНУ Германы хамтран бүтээсэн Pfizer, Moderna юм
Үүний зэрэгцээ “AstraZeneca” вакциныг ойрын хугацаандаа нийлүүлэх боломжгүй гэдгээ АНУ Европын Холбоонд мэдэгджээ.
“ЕХ-нд “AstraZeneca” вакциныг нийлүүлэх боломжгүй гэдгээ АНУ бидэнд мэдэгдсэн” хэмээн вакцин нийлүүлэлтийн асуудлаарх хоёр талт яриа хэлэлцээнд оролцогч өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна. АНУ ямар учраас ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна.
Энэ талаар Их Британи, Шведийн “AstraZeneca” болон АНУ-ын засаг захиргаанаас тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: CNN, Reuters