“Монос”-ын вакцин нийлүүлэх хүсэлтийг баталгаажуулсан гэв
Манай улс Оксфордын их сургууль, “АстраЗенека” компанийнхны хамтран гарган авсан коронавирусийн эсрэг вакцинаар зорилтот бүлгийнхнээ дархлаажуулж буй. Гэвч вакцинжуулалтын явц удаашралтай, тэр дундаа хувийн хэвшлийнхэн үүнд хамрагдаж чадахгүй байгааг иргэд шүүмжилсээр ирсэн.
Тэгвэл Монгол Улсын эмийн бүртгэлд оруулсан вакциныг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн дагуу импортлохоор хүсэлтээ өгсөн нь эхнээсээ ажил хэрэг болжээ. Тодруулбал, ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлд одоогоор эм ханган нийлүүлэх гурван байгууллага коронавирусийн вакцин оруулж ирэх хүсэлт өгснөөс “Монгол эм импэкс концерн” 10 000 тун “Спутник V” импортолсон байна. Салбарын яамныхны хэлснээр нөгөө хоёр байгууллага нь “Монос” групп, “Ач-Үр” эм ханган нийлүүлэх байгууллага аж. “Монос”-ынхны вакцин нийлүүлэх хүсэлтийг Хүний эмийн зөвлөл хэлэлцэж, баталгаажуулсан бол “Ач-Үр”-ийнх хэлэлцээрийн шатанд байгааг тус яамнаас мэдээлэв.
Ташрамд дурдахад, манай улс хойд, өмнөд хөршийн эрдэмтдийн гарган авсан “Спутник V” болон “Синофарм”-аас гадна “Пфайзер”, “Модерна”, “АстраЗенека” компанийн вакциныг эмийн бүртгэлдээ оруулаад буй. Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, эм ханган нийлүүлэгчид эдгээр вакциныг импортлох эрх нээлттэй болсон. Гэхдээ тээвэрлэх, хадгалах, түгээх зааврыг чанд мөрдөх шаардлагатай аж. Хэрэв хувийн хэвшлийнхэн вакцинжуулалтыг зохион байгуулах бол магадлан итгэмжлэгдсэн лабораторитой байх гэнэ.