АНУ: Вакциндаа хамрагдсан иргэд амны хаалт зүүхгүй, хоорондын зай барилгүй уулзаж болно
АНУ-ын Өвчний хяналт, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс коронавирусын эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан иргэд хоорондоо амны хаалтгүй, хоорондын зай барилгүй уулзахыг зөвшөөрчээ.
АНУ-д одоогийн байдлаар нийт 30 сая гаруй хүн коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байгаа ч хүн амынх нь 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй хэвээр байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан зөвлөмжинд коронавирусын вакциндаа бүрэн хамрагдсан иргэд:
Коронавирусын вакцинд бүрэн хамрагдсан бусад иргэдтэй нэг өрөө тасалгаанд болон хаалттай орчинд амны хаалт зүүхгүй, хоорондын зай барилгүй уулзаж болно Коронавирусын вакцинд хамрагдаагүй 1 гэр бүлийн гишүүдтэй нэг өрөө тасалгаанд уулзаж болно Коронавирусын халдварын шинж тэмдэг илрээгүй л бол коронавирусын шинжилгээнд хамрагдахгүй, тусгаарлалтанд орохгүй байж болно хэмээн тус тус заажээ. Коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн тоо нэмэгдэх хэрээр дээрх зөвлөмж шинэчлэгдэж, америкчууд цар тахлаас өмнөх хэвийн амьдралдаа алхам алхмаар эргэн орно гэдгийг албаны хүмүүс онцолжээ. Нөгөөтэйгүүр коронавирусын вакциндаа бүрэн хамрагдсан ч иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, олон хүн цугларсан газраас зайлсхийхийг зөвлөсөн хэвээр байна.
Коронавирусын эсрэг вакцинжуулах ажил АНУ-д сүүлийн хэдэн долоо хоногт эрчимжсэн ба өнөөдрийн байдлаар нийтдээ коронавирусын эсрэг 90 сая гаруй тун вакцин хийгдээд байна. Түүнчлэн Johnson & Johnson компанийн нэг тунт вакцин зөвшөөрлөө авсан нь вакцинжуулах аян хурдацтай явахад томоохон хувь нэмэр болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар АНУ-д өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан нийт 29 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 525 мянган хүн нас бараад байгаа билээ.
Эх сурвалж: BBC