“Тесла” компанийн хувьцаа унаснаар Илон Маск хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсах болжээ
2020 оны турш галзуу хурдаар өсөж байсан Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэ ханш сүүлийн сар гаруй хугацаанд тогтмол унасаар байна.
Зөвхөн өчигдөр буюу Баасан гарагт нэгж хувьцааны үнэ нь 7.5 хувиар унаж, $575-д хүрсэн нь нэгдүгээр сарын 26-ны өдрийн оргил хэмжээ болох $883-аас даруй 35 хувиар буурсан хэрэг байв.
Үүний үр дүнд нэгдүгээр сард $834 тэрбум долларт хүрээд байсан зах зээлийн үнэлгээ нь $267 тэрбум доллараар буурч, $567 тэрбум долларт хүрчээ.
Тесла компанийн хувьцааны 20 орчим хувийг эзэмшдэг үүсгэн байгуулагч Илон Маскын хөрөнгийн хэмжээ ч бас энэ хэмжээгээр буурсан байна.
Өнгөрсөн сард тэр хэсэгхэн хугацаанд дэлхийн хамгийн баян хүний титмийг зүүж байв. Харин өнөөдрийн байдлаар Маскын хөрөнгийн хэмжээ $7.5 тэрбум доллараар багасаж, $162 орчим тэрбум долларт хүрчээ.
Тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийд Амазон компанийн босс Жэф Безосын дараа хоёрт жагсаж байна.