Цар тахал нийгэм, эдийн засагт олон сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа ч үүгээр далимдуулж хүний эрхийг боомилж болохгүйг олон улсын байгууллага, хүний эрхийн зүтгэлтнүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хором бүр анхааруулж ирэв. Гэсэн ч CОVID-19 дэгдсэнээс хойшхи хугацаанд хүний эрхийн зөрчил буурсангүй. Хөл хорионы дэглэмээр далимдуулсан төрийн харалган шийдвэрээс болж гадуурхагдаж, эрх нь зөрчигдөх нь битгий хэл эрүүл мэндийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай кейс ч гарсан. Мөн халдваргүй нь батлагдаад тусгаарлалтаас гарч ирсэн дөрөв, 17 настай хүүхдүүдийг орцныхон нь гэрт нь оруулахгүй гадуурхаж өвлийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон харгис үйлдэл. Тусгаарлалтаас гарсан иргэдийг гэрийн ажиглалтад хянахын тулд хаалган дээр нь тэмдэг нааж гадуурхагдах нөхцлийг төр бий болгосон. Түүнчлэн коронавирусын халдвар авсан гэх нэрийдлээр дөнгөж амаржсан нялх биетэй эмэгтэйг гадуур хувцасгүй, гэрийн углааштай тусгаарлах байр руу зөөвөрлөсөн дүр зураг монголчуудын бухимдлыг дээд цэгт нь хүргэж, эцэст нь Засгийн газар, УОК хариуцлага хүлээж огцорсон юм. Гэвч үүний цаана ил болоогүй хэчнээн хүний эрхийн зөрчил байгааг хэлж мэдэхгүй. Энэ мэтээр төрийн оновчгүй бодлого, хүнээ дээдэлдэггүй шийдвэртэй холбоотой “туршлага” олон байгаа ч өнөөг хүртэл уялдаа холбоогоо хангаж хандлагаa засаагүй л байна.
Хүний эрхийн зөрчил хүрээгээ тэлж байгааг Монгол дахь НҮБ-ын Суурийн зохицуулагчийн газраас Монгол Улсын Засгийн газарт анхааруулж мэдэгдэл гаргаж CОVID-19 цар тахлын үед хүний эрхийг хангахад хамтын зүтгэл гаргахыг уриаллаа. НҮБ-ын зүгээс Монгол Улс тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хүрсэн ололт амжилтаа алдах вий хэмээн санаа зовинож байгаагаа мэдэгдлээ. Мэдэгдэлд “...COVID-19 цар тахлын уршгаар дэлхий нийтээрээ хүний амьд явах эрхээс эхлээд зохистой түвшинд амьдрах, нийгмийн хамгаалал, ажил, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалуулах зэрэг өргөн хүрээнд хүний эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. Үүний нөлөөгөөр тэгш бус байдал, ядуурал улам бүр гүнзгийрч, хүнсний аюулгүй байдал алдагдаж, ялгаварлан гадуурхах явдал нэмэгдэн, хүний эрх олон хэлбэрээр зөрчигдөж, эмзэг бүлгийн хүмүүст хамгийн хүндээр тусч байна. Дэлхий даяар нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал юм” гэдгийг онцлоод COVID-19 цар тахал нь Монгол Улсад ч мөн адил олон талаар сөрөг нөлөө үзүүлж байгааг дурджээ. Тухайлбал, халдварын тархалт эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж, ядуурал, өлсгөлөнгийн хүрээг тэлж, хэдийнэ сорилт болоод байсан асуудлуудыг улам даамжруулж байна гэж үзсэн байна. Хөл хорио болон COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас олон мянган хүн ажилгүй, орлогогүй болж, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хаалгаа барихад хүрч, үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж байна.
НҮБ-ын зүгээс Монгол Улс тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хүрсэн ололт амжилтаа алдах вий хэмээн санаа зовинож байгаагаа мэдэгдлээ.
Ялангуяа, энэ байдал төр засгийн туслалцаа бага авдаг албан бус хөдөлмөр эрхлэгчид болон тэдний гэр бүлийнхэнд илүү хүндээр тусч байгааг онцлон дурдлаа.
Урьд өмнө эмзэг бүлэгт тооцогдож байгаагүй олон мянган хүн шим тэжээлтэй, зохистой хоол хүнс олж авах, суурь хэрэгцээгээ хангахын төлөө илүү хичээх шаардлагатай боллоо. Сургууль цэцэрлэг хаагдсанаар олон мянган хүүхэд суралцах нөхцөл, шаардагдах хэрэгсэлгүйгээс зайнаас суралцах хүндхэн асуудалтай нүүр тулж байна. Урт хугацааны хөл хорио, хязгаарлалт олон хүний аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн нэг илрэл нь эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үлэмж нэмэгдсэн явдал юм.
Мөн халдварын тархалтыг хумих зорилгоор дижитал төхөөрөмж ашиглан хүмүүсийн чөлөөт хөдөлгөөнд хяналт тавин хязгаарлаж байна. Хилийн боомтыг хааснаас болж олон мянган монгол иргэн эх орондоо ирж чадахгүй хилийн чанадад гацаж байна. Хүмүүсийн бухимдал, таагүй байдал улам бүр нэмэгдэж, олон нийт цахимаар болон бусад хэлбэрээр дургүйцлээ илэрхийлэхэд хүргэж байна. Зарим хэсэг бүлэг, хувь хүн, тэр дундаа COVID-19 халдвар авсан хүмүүс болон халдварын голомт, тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүсийн эсрэг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, үзэн ядалтаа илэрхийлсэн үг хэлээр доромжлох зэрэг тохиолдлууд ч гарч байгааг мэдэгдэлд дурджээ.
Тэр дундаа үзэн ядалт, буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх зорилгоор авч буй хязгаарлах арга хэмжээ нь зарим талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний мэдэх эрхийг зөрчиж буйд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс эмзэглэж байгаагаа илэрхийлжээ. COVID-19 цар тахалтай тууштай тэмцэхийн тулд эрүүл мэндийн болон бусад үнэн зөв мэдээллийг хүн бүрт ойлгомжтой хэлбэрээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүртээмжтэй түгээх нь нэн чухал байна.
Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газарт хандан хүний эрхийг хамгаалах, дэмжихэд онцгойлон анхаарч, хүний эрхийг онцгой байдлын үеийн арга хэмжээ болон цар тахлыг даван туулах үйл ажиллагааныхаа төвд тавьж, нийт монголчуудын төлөө илүү сайн, тогтвортой ирээдүйг бүтээн байгуулахыг уриаллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.2 МЯГМАР № 41 (6518)