Толгой өвдөх буюу мигрень өвчний шалтгаан
Ерөнхий
Эмч, оточ нар толгой үе үе өвдөх өвчний шалтгаан, эмчилгээний тухай асуудлыг судалсаар удаж байна. 4000 гаруй жилийн түүхтэй эртний Вавилоны судрууд бичигдсэн байдаг гэхээр хэр удаан судлаж байгаа нь ойлгомжтой биз.
Шалтгаан
Толгойн өвөдлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас гэсэн хоёр шалтгаан дангаараа, эсвэл хавсарснаас үүсдэг. Иймд толгой өвдөхийн бодит шалтгааныг тодруулахын тулд өвдөж байгаа газар, давтамж, хүч, цаг, улирал зэрэг онцлогийг нарийн тодорхойлох хэрэгтэй байдаг. Улмаар энэ бүх онцлогийг эмчид тодорхой хэлж өгөх тусам эмчилгээ үр дүнтэй байх болно.
Явц
Толгой лугшиж өвдөх үед чамархайн судас зүрхний цохилтын хэмнэлээр лугшиж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ийм шинж тэмдэг нь таллаж өвдөх сонгодог ба энгийн хэлбэр, эсвэл нүүрний мэдрэл өвчин янз бүрийн хувилбарын үед илэрдэг. Толгой нь стресс, биеийн хүчний хэт ачааллын нөлөөгөөр жигд өвдөхийг булчин зангирснас үүдэлтэй өвдөлт гэдэг. Толгойн өвдөлт сэтгэл санааны байдлаас шалтгаалан өөрчлөгдөж, зулай орчим юмаар дарах, эсвэл төөнөж байгаа мэт мэдрэмж төрөх нь өвдөлт сэтгэц гаралтай болохыг илтгэдэг. Жишээлэхэд, сэтгэл гутралын үед ийм өвдөлт үүсдэг.
Мэдрэлийн эс өвчин орноос үүдэлтэй өвдөлт нь цахилгаанд цохиулж байгаа мэт хүчтэй, гэнэт эхлэн хэдэн секундын турш үргэлжлээд алга болсноо тодорхой хугацаааны дараа дахин үүсдэг. Мэдрэлийн эс өвчин орсон үед ийм шинжүүд илэрнэ. Өрнөдийнхний нэрлэдгээр мигрень буюу толгой таллаж өвдөх өвчнөөр дэлхийд 580 сая хүн зовж байдаг гэсэн статистик мэдээ бий. Энэ өвчний үед толгойн нэг хэсэг тодорхой үечлэлтэйгээр давтан өвдөж байдаг. Мөн дотор муухайрах, бөөлжих, заримдаа өвдөлт эхлэхээс хэдэн цагийн өмнө нүдэнд оч бутрах, тахир, муруй шугам харагдах шинж тэмдэг илэрнэ. Өвдөлт 3 хүртэл үргэлжилждэг тул хэвийн ажиллаж, амьдрах боломжгүй болгодог.
Толгой таллаж өвдөх өвчний үед шоколад, жүрж, улаан лооль, бяслаг, бэлэн хоол зэрэгт амт оруулдаг натрийн глютамат зэрэг нь өвдөлтийг сэдрээж болзошгүй байдаг. Үүнээс гадна эцэг, эх нь толгой таллаж өвчтэй байсан бол өвдөх магадлал нь эрс нэмэгддэг болохыг судлаачид тогтоосон байдаг. 40 гаруй өвчин эмгэгийн үндсэн, зарим тохиолдолд цорын ганц шинж тэмдэг нь толгойн өвдөлт байдаг. Жишээлэхэд, толгойн байрлалаас хамаарсан үл ялиг толгой өвдөлт нь тэр бүр хүний санаа зовоогоод байдаггүй ч тархины хавдар, нүдний зарим өвчин, даралт огцом нэмэгдэх зэрэг ноцтой өвчний анхны шинж тэмдэг байх олонтаа. Бэлгийн идэвхжилийг дагалддаг толгойн өвдөлт нь судасны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсний анхны шинж тэмдэг болж өгдөг. Цаашилбал:
Хүчтэй, тархсан өвдөлттэй зэрэгцэн халуун огцом нэмэгдэж, бөөлжүүлэх нь “цахилгаан” менингит -ийн шинж тэмдэг тул яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Дух, эсвэл хамрын хэсгээр өвдүүлж, ханиах, найтах, эсвэл тонгойход өвдөлт нь нэмэгдэж байгаа бол духны дайвар хөндий, эсвэл дээд эрүүний дайвар хөндийн үрэвсэл үүссэний шинж. Хүзүүнээс толгой чигтэй давалгаалж, заримдаа огцом хөдөлдөг, гар руу дамждаг толгойн өвчин нь хүзүүний үе хоорондын мөгөөрс гэмтэсний шинж.
Архи, эсвэл нэг эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн хордлогын үед толгой өвддөг. Мөн цаг агаарын өөрчлөлт, ямар нэгэн хүчтэй үнэрийн нөлөөгөөр толгой нь өвддөг хүмүүс ч байдаг.
Оношлогоо ба эмчилгээ
Хэрэв толгой байнга өвддөг, дахин толгой өвдөнө гэхээс эмээдэг болсон бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Удаан хугацаагаар байнга толгой өвдөх үед тархины рентген, соронзон резонанст томографи, тархины соронзон резнанст ангиограф шинжилгээ хийнэ. Халдвар, үрэвсэл, эсвэл чихрийн шижин байгаа эсэхийн тодорхойлохын тулд цусны шинжилгээ өгнө.
Өвдөлт нь нэг л таагүй зүйл болоод, эсвэл болох гээд байгааг анхааруулж байдаг тул ингэж байгаад зүгээр болчихдог юм гээд үл хайхран суух нь тэнэг хэрэг. Иймд сэтгэлийг тань зовоож байгаа л бол өөрөө өөрийгөө оношлох гэлгүйгээр эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.