ЭМЯ өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэж үзжээ
Өнөөдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэв.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ДЭМБ-аас ОХУ болон БНХАУ-ын үйлдвэрлэсэн вакцинуудыг баталгаажуулаагүй. Баталгаажуулаагүй байхад эдгээр вакциныг татан авсан нь ямар учиртай вэ?
С.Амарсайхан: БНХАУ-ын вакциныг ДЭМБ энэ сарын дундуур албан ёсоор бүртгэж, зөвшөөрөл өгнө гэсэн урьдчилсан мэдээлэл бий. ОХУ-ын вакциныг бүртгэх шатандаа яваа. Монгол Улс нэгдүгээрт дээрх цаг хугацааг тооцсон. Хоёрдугаарт, дархлаажуулалтын хатуу нөхцөлтэй улс орнууд хэрэглэж эхэлсэн, олон улсад хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улс хэрэглэж болно гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтын дагуу ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл хуралдаж, эдгээр вакциныг бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр вакциныг Ази, Европ, латин Америкийн олон орон хэрэглэж байгаа тул манай улс бэлтгэлээ хангаж байна. ДЭМБ зөвшөөрөл олгонгуут дархлаажуулалтад хэрэглэж эхэлнэ.
-“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд голомтуудаа бүрэн хяналтад авч чадсан уу. Халдварыг хяналтаасаа алдчихсан юм биш биз гэсэн болгоомжлол бий?
С.Амарсайхан: “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үр дүнгээ өгсөн. Хэрэв бид сар шинийн баяраас өмнө энэ шинжилгээг аваагүй бол голомтыг бүрэн хяналтаасаа алдаж, халдварын тоо 6500 хүрэх эрсдэлтэй байсан гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тэгэхээр бид голомтоо дагасан тандалт, шинжилгээний ажлаа хийнэ. Цаашаа ихсэх үү, үгүй юу гэдэг нь бид дүрэм журмаа хэрхэн баримтлахаас шалтгаална.
-Тавдугаар сард хилээ нээсэн ч вакцинд хамрагдаагүй иргэд гадагшаа явах боломжгүй. Энгийн иргэдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ?
С.Амарсайхан: Өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэдэг байр суурийг ЭМЯ илэрхийлсэн. Гэхдээ эхлээд голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа вакцинжуулсны дараа нийтийн вакцинжуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа. Тухайн үед нь ЭМЯ болон холбогдох байгууллагууд мэдээлэл өгнө.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр олон тоглолт болно. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах вэ?
С.Амарсайхан: Халдвар хамгааллын дэглэмд МХЕГ, НМХГ хяналт тавина. Бид аль болох аж ахуйн нэгжүүдээ хааж боох бус зөвлөн тусалж байгаа. Тиймээс үйлчилгээний байгууллагууд нийт багтаамжийнхаа 50 хувьд ажиллах дүрэм журам үйлчилж байгаа. Нөгөө талаараа бол тэмдэглэлт баярын өдрүүдэд аль болох олноороо бөөгнөрүүлэхгүй байх, эрсдэл үүсгэхгүй байхад аж ахуйн нэгжүүд анхаарах ёстой. Нэг өдөр баярлаж байна гээд эрсдэлд орох уу, эсхүл өдөр бүр хэвийн ажиллах уу гэдэгт анхаарах хэрэгтэй.