"Facebook", "Google"-ийн эсрэг Австралийн шинэ хуулийн эргэн тойронд
Дэлхийн технологийн салбарыг хэрэглэгчийн тоо, үйлчилгээний хүртээмж, ашиг орлогоороо тэргүүлж байгаа Google болон Facebook компанийг өөрсдийн платформ дээрээ мэдээ байршуулах бүрт төлбөр төлдөг болох дэлхийн анхны хуулийг Австрали улс өчигдөр баталлаа.
Энэ шийдвэрийг Засгийн газар батлахаас өмнө өнгөрсөн долоо хоногт Facebook компани Австрали дахь хэрэглэгчдийг цахим хаяг дээрээ мэдээ нийтлэх, хуваалцах эрхийг хаагаад байсан билээ. Үүний дараа хоёр тал хэлэлцээр хийж тохиролцсон ч Мэдээний кодын тухай хуулиар Google болон Facebook хоёр Австралийн томоохон мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөх шаардлагатай боллоо. Дээрх хоёр компани ирэх гурван жилд дэлхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарт нэг тэрбум ам.доллар зарцуулах үүрэг хүлээсэн юм.
Хуулийн дагуу Google, Facebook болон хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөрийн хэлэлцээр хийх юм. Гэвч хэвлэн нийтлэгчдийн эрх мэдэл, технологийн монополь компаниудаас бага тул хэлэлцээрт тийм амар хүрэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин Google болон Facebook компани платформ дээрээ мэдээллийн линк байршуулж, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг дэмжиж, олон хүнд хялбар аргаар мэдээллийг нь түгээдэг хэмээн хуулийг эсэргүүцэж байна. Хуулийг баталсны дараахан Google компани Австралийн орон нутгийн хэвлэл болох Nine Entertainment, Seven West Media гэсэн хоёр хэвлэлтэй 60 орчим сая австрали долларын гэрээ байгуулжээ. Түүнчлэн Facebook компани мягмар гаригт хоригоо цуцлахаа мэдэгдсэн ч өчигдрийн байдлаар Австралийн төрийн томоохон байгууллагууд цахим хуудсандаа мэдээлэл хуваалцаж чадахгүй хэвээр байна.
Дэлхий нийтээрээ Австралийн шинэ хуулийн хэрэгжилт, үр дүнг чих тавин чагнаж байна. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл олж авах хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед технологийн компаниудын төлөх төлбөр улам нэмэгдэх юм. Тиймээс бусад улс орнууд ижил хууль батлах вий гэсэн айдас технологийн толгой компаниудыг хамгийн ихээр сандаргаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин