Бидний өнөөгийн амьдралын хэв маяг бол үндсэндээ өрсөлдөөн юм
Хүүхэд байхаасаа эхлэн бүхий л зүйлд гэр бүл гэдэг багаараа өрсөлдөөн тэмцэлд орох болдог. Өөр сонголтгүй гэж хэлж болно. Заавал сайн дүн авах ёстой, тэмцээн уралдаанд заавал түрүүлэх хэрэгтэй гэх мэт.
Яваандаа тэрхүү тэмцэл маань ямар нэгэн даргын суудлын төлөө, нөлөө бүхий албан ажлын төлөө, нэр хүндийн төлөө, эд хөрөнгө, баялгийн төлөөх тэмцэл болж хувирдаг. Харин багаасаа боловсролтой болох боломжгүй байсан залуус нийгмийг хамарсан, хөрөнгө чинээтэй амьдрал л бидний зорилго гээд хэдэн үеэрээ тархиа угаалгасан нийгэмд тэр үлгэр домгийн амьдралд хүрэхийн тулд юу хийхээс буцахгүй болтлоо туйлдаж мухарддаг.
Уг нь бидний үнэт зүйл бол амгалан тайван, хүнлэг чанар, харилцан хүндэтгэл, сэтгэлийн баяр баясгалан, эв нэгдэл л баймаар... Оюунлаг байдал, дотоод сэтгэлийн баялагийг дээдэлдэг эрин цаг ирж буй. Бас тийм байдлыг цогцлоох залуу шинэ үе төрж байна.
Нэг жишээ бол минималист амьдралын хэв маяг гэж боддог. Тэд материаллаг зүйлээс илүү оюунлаг, үзэл бодлын эрх чөлөөг илүүд үздэг залуус. Элдэв шаардлагагүй зүйлсээс ангижирч чадсан эрх чөлөөтэй, амьдралыг илүү том зургаар харж баяр баясалтай амьдарч чаддаг сэтгэлээр баян хүмүүс юмаа...
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах