Оросын шүүх Навальныйд оноосон 2.5 жилийн ялыг хэвээр үлдээжээ
Бямба гарагт Москва хотын давж заалдах шатны шүүх Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд оноосон 2.5 жилийн ялыг хэвээр үлдээснийг CNN мэдээллээ.
Шүүх хуралд оролцохдоо Навальный “Би эрх чөлөөтэй Орос орныг хүсдэг ч энэ нь хангалтгүй байна. Бидэнд бүх зүйл байгаа ч аз жаргал дутагдаж байна. Орос зөвхөн эрх чөлөөтэй болоод зогсохгүй аз жаргалтай орон болох ёстой” гэж хэлсэн байна. Шүүх хурлаар хоёр жил хагасын хорих ялаас 45 хоногийг хөнгөлснийг Навальный “Хамаагүй дээрдлээ” хэмээн хошигнолоо гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Мөн бямба гарагт Москвагийн Бабушкин дүүргийн шүүхэд Навальныйтай холбоотой өөр нэг шүүх хурал болж, бусдын нэр хүндэд халдсан хэргээр мөнгөн торгууль оноожээ. Тэрээр сошиал хуудсандаа үндсэн хуультай холбоотой бичлэгийг шүүмжилж бичсэн юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж ярьсан хүмүүсийн дотроос дэлхийн II дайны ахмад дайчин, 94 настай Игнат Артеменко нэр төрд нь халдлаа хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Навальныйд 850,000 рублийн торгууль оногдуулсан байна.
Эх сурвалж: polit.mn