Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн анхны зөвшөөрлийг авч, одоогийн байдлаар хамгийн өндөр үр дүн үзүүлсэн вакцин бол Pfizer юм. Гэвч цельсийн -60ºC-80ºC градуст хадгалах шаардлагатай нь тус вакциныг зориулалтын хөргүүргүй дунд орлоготой болон буурай орнууд руу тээвэрлэх боломжийг хязгаарлаж байсан юм. Тийн вакцинаа илүү олон оронд хүргэхийн тулд хадгалах градусаа цельсийн -15 ºC -25 ºC болгон бууруулах хүсэлтээ өчигдөр АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт /FDA/ хүргүүлжээ.Хүнс, эмийн захиргаа тус компанийн хүсэлтийг хүлээн авч, хадгалах хугацааг өөрчлөхийг зөвшөөрч буйгаа мэдэгдэв.
COVAX хөтөлбөрийн хүрээнд Pfizer-BioNTech вакциныг дэлхийн улс орнууд руу түгээхээр болсон ч хадгалах төхөөрөмжийн дутагдлаас болоод тээвэрлэлтэд асуудал үүсээд байсан юм. Энэ талаар ДЭМБ “Хадгалалтын градусыг бууруулахыг бид хамгийн их тэсэн ядан хүлээж байсан юм. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж эхэлвэл вакциныг дэлхийн бүх улсад ялангуяа ядуу орнуудад хүргэх боломжтой болно” гэж ярилаа. Гэхдээ Сингапур, Мексик, Израйль болон Европын бусад орнууд руу вакцин тээвэрлэсэн “Deutsche Post” компани -25 градус болгосон ч тээвэрлэхэд тийм ч амаргүй байна гэж мэдэгджээ. Үр дүнгээрээ өндөр үзүүлэлттэй байгаа Moderna вакциныг мөн -15 ºC -25 ºC градуст хадгалах боломжтой юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин