Хамзат Чимаевын тулаан ковидын улмаас 3 дахь удаагаа хойшиллоо
Холимог тулаанд зарим тамирчдын халз тулаан олон удаа хойшлогдох тохиолдол олон бий. Хабиб, Тони нарын тулааныг үүнд дурдаж болно. Гэхдээ үүнд гэмтэл, жин хасалт гээд олон янзын шалтгаан байсан бол харин Хамзат Чимаев, Леон Эдвардс нарын тулаан зөвхөн коронавирустэй холбоотой.
Тэд уг нь гуравдугаар сарын 14-нд болох UFC Fight Night 187 тэмцээнд үзэлцэх ёстой байлаа.
Шведийн чечень гаралтай тулаанч Хамзат Чимаев, Их Британийн Леон Эдвардс нар анх 12 дугаар сарын 19-нд тулалдах байв. Гэвч Эдвардсын шинжилгээний хариу эерэг гарсан тул тулаан хойшлогдсон юм. Дараа нь нэгдүгээр сарын 20-нд дахин тэднийг тааруулсан ч энэ удаад Чимаев ковидийн халдвар авсан байлаа.
Харин гуравдугаар сард болох тулаанаас Чимаев татгалзсан. Учир нь тэр нэгдүгээр сард халдвар авч, эмчлүүлснээс хойш бие нь сайжрахгүй байна гэж мэдэгдсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр швед тулаанчийн уушгинд согог сууж, амархан багтардаг болсон байна.
Эх сурвалж: М. Сугар-Эрдэнэ