Мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагслаа
Өнгөрсөн ням гарагт Мьянмарт хэдэн арван мянган иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэн, ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чийг суллахыг шаардан жагсчээ.
Жагсаал Мьянмарын 10 гаруй хотод болж өнгөрсөн ба Мьянмарын хамгийн том хот болох Янгон хотод болсон жагсаалйн үеэр иргэд, "Бид цэргийн дарангуйллыг бус ардчиллыг хүсэж байна." байна хэмээн орилж байжээ. Цэргийн эргэлтийг зохион байгуулсан цэргийн удирдлагууд өнгөрсөн жилийн 11-р сард болсон парламентын сонгуулийг булхайтай явагдсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн ч булхайтай явагдсаныг нотлох баримт үзүүлж, танилцуулаагүй аж.
Мьянмарын армийн удирдлагууд Мьянмарын "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын тэргүүн, ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чи болон Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин нарыг гэрийн хорионд байлгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Цэргийн эргэлтийг зохион байгуулагчид улс даяар нэг жилийн хугацаатай онц байдлын дэглэм зарлаад байгаа юм. Янгон хотод жагсагчид Аун Сан Су Чигийн "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын өнгө болох улаан өнгийн малгай, алчуур, цамц зэргийг өмсч, улаан өнгийн бөмбөлгүүд барьсан байсан ба автобус, автомашинууд жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлэн дуут дохиогоо хангинуулж байжээ.
Түүнчлэн жагсагчид гурван хуруугаа дээш өргөн авторитаризмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан аж. Армийн зүгээс жагсагчдыг тараахын тулд интернет сүлжээг нэг өдрийн турш хаасан байна. Янгонд зохион байгуулагдсан жагсаал 2007 оны лам нарын эсэргүцлийн жагсаалаас хойшхи хамгийн том жагсаалд тооцогдож байна.
Эх сурвалж: BBC