Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэгээс 1,5 сая тун вакцин хүлээн авна
Энэтхэг улс энэ сарын 3-ны өдөр Их Британийн “AstraZeneca” болон тус улсын “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield”, Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл ба “Bharat Biotech” компаниудын хамтран боловсруулсан “Covaxin” гэх “COVID-19”-ийн эсрэг хоёр өөр вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон.
Үүний дараа тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикий, Афганистан, Бутан, Непал, Сейшелийн арлууд болон Бангладеш зэрэг хөрш орнууддаа үнэ төлбөргүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн.
Тэгвэл Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Оман улсад 100 мянган тун вакцин нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Афганистанд 500 мянган тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэтхэгийн “The Times of India” сонинд мэдээлснээр тус улсын Засгийн газар эн долоо хоногт багтаан Монгол Улсад 1,5 сая тун, Афганистанд 5 мянган, Никарагуад 2 сая тун, Барбадост 100 мянган тун, Доминика улсад 70 мянган тун вакциныг нийлүүлэх аж. Үүнээс гадна Египет, Алжир, АНЭУ, Кувейт зэрэг орнууд Энэтхэгээс вакцин худалдаж авах арилжааны экспортын жагсаалтад бүртгүүлсэн байна. Мөн Монгол Улсын хувьд 150 мянган тун тусламжийн вакцинаас гадна Энэтхэгээс нэг сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан талаар мэдээлсэн юм.
Энэтхэгийн Засгийн газар “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад “COVID-19”-ийн эсрэг 100 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэгвэл Монгол Улсад суугаа Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингх манай улсад Их Британийн “AstraZeneca” болон Энэтхэгийн “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield” вакциныг нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байв. “Covishield” вакцин нь Оксфордын их сургууль болон "AstraZeneca"-гийн хамтран боловсруулсан "AZD-1222" вакцины Энэтхэгт үйлдвэрлэгдсэн хувилбар бөгөөд "SARS-CoV-2" вирусийн эсрэг 70 хувийн үр дүнд хүрсэн.
Рекомбинант уг вакцины нэг бүтэн тун тус бүр 0.5мл савлагаатай бөгөөд хоёр тунг 4-6 долоо хоногийн зайтай гарын булчинд тарих юм. Вакцины эхний тунг тариулснаас хойш 2-14 хоногт халуурах, жихүүцэс төрөх, бага зэрэг ханиалгах, амьсгал давчдах, сульдах, булчин хөндүүрлэх, нус гоожих, бөөлжих, гүйлгэх зэрэг хөнгөн шинж тэмдэг илрэх боломжтой. Вакцинд 18-аас дээш насны иргэдэд хамрагдах боломжтой бөгөөд харшилтай, халуурч байгаа, ил шархтай буюу цус алдалттай, дархлаа султай, эсвэл дархлааны системд нөлөө үзүүлдэг эм ууж байгаа, жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд болон "COVID-19"-ийн эсрэг өөр вакцин тариулсан хүнд хориглох заалттай.