Аун Сан Су Чиг баривчилжээ
Мьянмарын эрх барьж буй Ардчиллын төлөө Үндэсний лиг намын дарга Аун Сан Су Чиг цэргийн эрх мэдэлтнүүд баривчилсан тухай мэдээлжээ. Аун Сан Су Чигаас гадна тус улсын Ерөнхийлөгч Вин Майнт зэрэг нөлөө бүхий улс төрчдийг өглөө эрт цэргийнхэн баривчлан саатуулсан байна.
Засгийн газар болон цэргийн эрх мэдэлтнүүдийн хооронд сонгуулийн дараа үүссэн зөрчлийн дүнд ийнхүү улс төрчдийг баривчилсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Цэргийнхний баривчилгаа тус улсад төрийн эргэлт гарч болзошгүй гэсэн айдас түгшүүрийг улам ихэсгэж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулиар Су Чигийн Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам 83 хувиар ялж, Засгийн газрыг дангаараа бүрдүүлэхэд хангалттай санал байгуулсан боловч армийн удирдагчид саналын хуудсыг луйвардсан гэж үзсэнээс талууд зөрчилджээ.
Мьянмар улсад 2011 он хүртэл цэргийнхэн төрийн эрх барьж байсан юм. Өнгөрсөн жилийн сонгуулиар ялалт байгуулсан Парламентын гишүүд өнөөдөр хуралдаанаа эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч цэргийнхэн хойшлуулахыг шаардсан байна.
Улмаар цэргүүд Янгон болон нийслэл Нейпьидо хотуудын гудамж талбайд гарч зогсчээ. Түүнчлэн томоохон хотуудад интернэт холболт, гар утасны сүлжээг хаасан байна. Үндэсний төв телевиз MRTV техникийн саатлаас болж цацалтаа түр зогсоосон гэж дамжуулжээ.
Үүссэн нөхцөл байдлаас харахад цэргийн эргэлт хийсэнтэй ялгаагүй байна гэж ВВС агентлагийн Зүүн Өмнөд Азийн бүс хариуцсан төлөөлөгч Жонатан Хийд мэдээлэв. Гэсэн ч цэргийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт өгсөн амлалтандаа 10 гаруй жилийн өмнө баталсан Үндсэн хуулиа даган мөрдөнө гэсэн юм. Уг хуулинд зааснаар цэргийнхэн онц байдал зарлах эрх мэдэлтэй ч Су Чи зэрэг нөлөө бүхий улс төрчдийг баривчлан саатуулах ёсгүй ажээ.
Аун Сан Су Чи нь Нобелийн энх тайвны шагналт хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд олон арван жилийн турш гэрийн хорионд байсан юм. 1989-2010 он хүртэл 15 жилийг гэрийн хорионд өнгөрөөснийхөө дараа 2015 онд Ардчиллын төлөө Үндэсний лиг намыг удирдаж үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэрээр Мьянмарын генернл Аун Саны охин бөгөөд түүнийг ердөө хоёр настай байхад нь эцгийг нь хороож байжээ.
Эх сурвалж: ВВС