Хятадын бөмбөгдөгч онгоцууд АНУ-ын онгоцыг “бөмбөгдөж" үзүүллээ
Хятадын бөмбөгдөгч онгоцууд өмнөд Хятадын тэнгист буй АНУ-ын тэнгисийн цэргийн онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудыг бөмбөгдөж байгаа мэтээр дээгүүр нь хэдэнтээ нисч, тулаанд ороход бэлэн гэдгээ үзүүллээ хэмээн АНУ-ын тал албан ёсоор мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын тэнгисийн цэргийн Теодор Рузвельт тээвэрлэгч хөлгийн салаа өмнөд Хятадын тэнгист очсон билээ. Харин Хятадын тал тус салаа руу ниссэн найман Н-6К бөмбөгдөгч, дөрвөн J-16 сөнөөгч, нэг Y-8 шумбагч онгоц илрүүлэн, устгагч онгоц илгээсэн байна.
Болсон явдлаас болж Бээжин АНУ-ын усан онгоцуудыг өмнөд Хятадын тэнгист Баши сувгаар зоргоороо орж ирлээ хэмээн буруутгаж байгаа бол харин Тайванийн талаас Бээжингийн онгоцуудыг Тайванийн агаарын хамгаалалтын бүсээр дураараа дайран өнгөрсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Үйл явдлын талаар нэрээ нууцалсан цэргийн мэргэжилтэн “Хятадын хийсэн үйлдэл АНУ-ын хөлөг онгоцуудыг сөнөөх Ардын чөлөөлөх армийн дадлага байж болох юм. Ингэж бэлдсэнээрээ жинхэнээсээ тулаан болвол Хятадын нисгэгчид илүү оновчтой байж чадах юм. Энэ бол нөгөө талаараа Бээжин болзошгүй тулаанд бэлэн гэдгээ харуулж буй сануулга” хэмээн ярьжээ. Мөн өөр нэгэн мэргэжилтэн “Энэ бол ердөө л эргүүл. Ямар ч хор хөнөөл байхгүй” хэмээсэн аж.
Харин "Financial Times"-ийн мэдээлснээр, Хятадын нисгэгчид АНУ-ын хөлөг онгоцны салаанд ойртож ирмэгцээ төвөөсөө гал нээх тушаал хүсч, баталгаажуулан, гал нээж, бөмбөг хаяж байгаа мэтээр жүжиглэн сургуулилалт хийсэн аж.
Хятадын талаас АНУ-ыг Азийн дотоод асуудалд оролцохоо больж, өмнөд Хятадын тэнгисээс гаран, найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэхийг уриалж байгаа билээ. Харин АНУ-ын талаас өмнөд Хятадын тэнгист Бээжинтэй газар нутгийн маргаантай байгаа талуудыг хамгаалж, бүс нутгийн энх тайван байдал тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн тул цэргийн хүчин чадлаа харуулахын тулд олон улсын хуулийн дагуу цаашид ч өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: News.mn