Шинжилгээний хариу гарахаас өмнө амаржсан эхээс халдвар илэрчээ
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт урд өдөр нь шинжилгээ өгөөд, хариу нь гарахаас өмнө өвдөж нярайлсан эхээс өчигдөр халдвар илэрлээ.
Амаржсаны дараа халдвартай нь батлагдсан, мөн хагалгаагаар төрсөн учир ээж болон нярайг эмнэлэгт нь тусгаарлажээ. Эх, нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ойр харилцсан эхчүүд, эмнэлгийн ажилчид болон гэр бүлийн гурван хүнийг тусгаарлаад байгаа аж.
Түүнчлэн, Улаанбаатараас Дорноговь аймагт зам барилгын ажлаар очсон 12 хүнийг орох постод зогсоож, коронавирусний түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад нэг хүнийх эерэг гарч, сорьцыг ХӨСҮТ рүү явуулж баталгаажуулжээ.
“Тухайн хүний халдварыг пост дээр илрүүлсэн тул цааш орж хүнтэй уулзаагүй, эмчлэхээр Улаанбаатарт авчирсан. Халдварын эх уурхай нийслэлээс байгаа тул Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол гэж үзнэ. Энэ иргэнтэй ойр харилцсан 20 гаруй хүнд шинжилгээ хийсэн халдвар илрээгүй”-г ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэвлэлийн хурлын үеэр хэлэв.
Коронавирусний шинжилгээний цэгүүдийг дүүрэг, хороо, гудамжинд байгуулсан. “Интэрмед” эмнэлгийн гадна байрлах цэгүүдэд жолооч нар идэвхтэй шинжилгээ өгч байна. “Интэрмед” эмнэлэгт халдвар гараагүй, гадаа нь байрлах шинжилгээний цэгт сорьц өгсөн хүмүүсээс халдвар илэрч байгааг А.Амбасэлмаа тодрууллаа.
Нийслэлд энэ 24-нд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр халдвар тархах эрсдэл өндөр гэж дүгнэсэн. Сүүлийн 2 долоо хоногт өвчлөл, тархалт олширч, хоногт 20-40 тохиолдол бүртгэгдэх боллоо. Иймд иргэд олон нийтийн газраар явахгүй, гэр бүлийн нэг гишүүнээ дэлгүүр гаргах зэргээр зохион байгуулалтад орох хэрэгтэйг тэрбээр анхааруулав.
Эх сурвалж: Монцамэ