ЭРХЛҮҮЛЭХ ГЭЭД эрэмдэглэж орхих вий
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш Улаанбаатар хотын уулын ам болгонд автомашинууд сүлжилдэн, хүүхдийн дуу цангинаж, эгээ л найр наадам болж буй мэт хөл хөдөлгөөн ихтэй байна. Дөрвөн хананы дунд багагүй хугацаанд хоригдсон нийслэлчүүд уушгиа баярлуулж, үр хүүхдүүдээ тоглуулах гэж хотын төвөөс “дайжсаар”.
Ялангуяа амралтын өдрүүдэд Богдхан, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармаг орчмын уулын ам бүр “эзэнтэй” болж, өнгө өнгийн чарга “хөлөглөсөн” багачуудын цовоо цолгиун дуу өвлийн жаврыг үргээнэ. Шинэхэн дээрээ сонихон байдаг хойно цана, чаргаар гулгах, агаар салхинд гарах боломж олдсон энэ үед хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр уулын бараа харж, цэвэр агаараар амьсгалж байх шиг.
Амны зугаа гаргах хүнсээ бэлдээд, замдаа таарсан чарганаас шүүрч аваад л дуртай газраа очиж, дураараа дургих нөхөд цөөнгүй. Гэтэл үр хүүхэд, өөрсдийн аюулгүй байдлаа сахих нь бүү хэл, амны хаалтаа ч зүүхгүйгээр олноороо бөөгнөрөх явдал салхинд гарч, цана, чаргаар гулгаж буй хүмүүсийн дунд түгээмэл тохиолдох болов. Хамгийн ноцтой нь хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулж эрхлүүлэх гэсэн биш эрэмдэглэж орхисон явдал нэлээд гарч байна.
Манай улсад өнгөрсөн онд 115 273 осол гэмтэл бүртгэгдэж, тэдгээрийн улмаас 2082 хүн нас баржээ. Ослын шалтгаануудыг унаж бэртсэн гэмтэл тэргүүлж буй. Гэртээ болон гудамж, талбайд явж байгаад унаж гэмтэх тохиолдол зам, тээврийн ослынхоос ч олон гарчээ. Өнгөрсөн оны байдлаар нийт ослын 41.5 хувийг унаж гэмтсэн тохиолдол эзэлсэн бол 12.5 хувь нь зам, тээврийнх байжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 32.7 хувь нь хүүхэд. Тэр дундаа цана, чаргаар гулгаж байгаад гэмтсэн тохиолдол цөөнгүй байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан буюу энэ сарын 11-18-нд, тодруулбал, ганцхан долоо хоногт нийт бэртсэн хүүхдийн 27.4 хувь нь чарганаас унаж гэмтжээ. Энэ нь эцэг, эхчүүдийн хайхрамжгүй үйлдэл, гулгаж буй газрын аюулгүй байдал, цана, чарганы чанартай шууд холбоотойг эмч нар хэллээ.
Гэмтэл согог, судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхөн “Хөл хорионы дэглэмийг бууруулснаар эмнэлгийн ачаалал, хүүхдийн осол гэмтэл хоёр дахин нэмэгдсэн. Цаг агаар тогтуун байгаа учир эцэг, эхчүүд хүүхдүүдээ агаарт гаргаж, цана, чаргаар гулгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоногт 80-120 хүүхэд гэмтэж, эмнэлгийн тусламж авсны олонх нь цана, чарганаас унасан байсан. Чаргаар гулгаж бэртэх үед ихэвчлэн үе мөч буюу гар хөл, тохой, нуруугаа гэмтээдэг. Ингэхдээ хосолсон хэлбэрийн гэмтэл авдаг нь тун аюултай. Өөрөөр хэлбэл, үе мөчдийн болон цээж, тархиндаа гэмтэл авдаг. Өндрөөс их хурдтай ирж буй чаргыг зогсоох боломжгүй. Тиймээс автомашинд мөргүүлэх, хад, чулуу мөргөх, нүх рүү унах, чарга нь хагарах зэргээр осол гарах болсон” хэмээв.
Ийм аюултай тоглоомоор хүүхдүүдээ эрхлүүлэхдээ гарах эрсдэлийг сайтар тооцох нь хамгаас чухал байна. Гэтэл бидний олонх нь хаа таарсан газраасаа хямд үнэтэй чарга авч, зориулалтын бус газарт, уул хадны энгэрт хүүхдүүдээ тоглуулсаар. Уг үйлдэл нь хүүхдийн эрүүл мэнд, цаашлаад аминд хүрэх аюултай. Энэ сарын 17-18-нд дөрвөн хүүхэд зам, тээврийн осолд өртсөний гурав нь чаргатайгаа гулгаж байгаад автомашин мөргөжээ.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр хоёр хүүхэд Улиастай, нэг нь Морингийн даваа орчимд чаргаар гулгаж байгаад автомашин мөргөсөн гэнэ. Тодруулбал, иргэд автомашинаа хүссэн газраа байрлуулж, зам, талбайг чөлөөлөөгүйгээс өндрөөс хурдтай гулгаж ирсэн хүүхдүүд тээврийн хэрэгсэл мөргөх, доогуур нь орох тохиолдол гарч буй аж. Азаар тэдэнд яаралтай тусламж шуурхай үзүүлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байна. Ийм аюултай явдал уулын энгэрт цана, чаргаар гулгаж буй хүүхдүүд, томчуудын дунд байнга гардгийг эцэг, эхчүүд хэлнэ лээ. Нэгэн охин гулгаж байгаад машинд дайруулах шахсаныг нүдээр харж, сэтгэл нь түгшсэн иргэн А ийн ярьсан юм.
Тэрбээр өнгөрсөн бямба гараг буюу уржигдар гэр бүлийн хамт агаарт гарчээ. Өвлийн улиралд агаарт гарч буй иргэдийн олонх нь чаргаар гулгадгийн жишгээр хоёр хүүхдээ дагуулан Богдхан уулд очсон байна. Тэнд түм түжигнэж байж. Хэнэггүй, хариуцлагагүй зарим нь уулын оройгоос уруудаж буй хүүхдүүдийн өөдөөс автомашинтайгаа өгсөж байжээ. Эрчээрээ “нисэж” буй чарганаасаа хамаг хүчээрээ зуурсан охин юу юугүй өгсөж явсан автомашины дугуйн доогуур орох шахаж. Тэрбээр “Хүүхэд дайрууллаа” хэмээн чанга орилсны хүчинд нэгэн залуу охины чаргыг тосон авч, замыг нь аюулгүй болгосон байна. Өнгөрсөн жил ч мөн адил нэг айлын хоёр хүүхэд автомашинд мөргүүлж, амиа алдах шахсан гэнэ. Хурдтай гулгаж явсан ах, дүү хоёр зогсож байсан автомашины доогуур чаргатайгаа орчихжээ. Азаар өнөөх машин нь тэнхлэг өндөртэй байсан тул ноцтой гэмтэж бэртээгүй байна. Ингэж амь сөрөн байж, үр хүүхдүүдээ тоглуулах нь хэтэрхий аюултай. Нөгөө талаас цар тахлын улмаас гэртээ хоригдсон иргэд уушгиа баярлуулж, нэг өдрийг ч гэсэн хөгжилтэй сайхан өнгөрүүлэхийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь хүн бүр ухамсартай байж, автомашинуудаа хүүхэд гулгах замаас хол байрлуулж, тээврийн хэрэгсэлтэйгээ уул өөд өгсөхгүй байх нь чухал. Түүнчлэн хүүхдээ чарганд суулгаад автомашинаараа чирэх тохиолдол ч цөөнгүй аж. Ингэснээр цэвэр агаар амьсгалуулах бус, харин ч автомашины хортой хийгээр уушгийг нь дүүргэж буйг хүүхдийн эмч анхааруулсан. Үүгээр зогсохгүй автомашин гэнэт зогсоход хүүхэд дугуйн доогуур нь орох аюултай. Ийм харамсалтай явдал ч гарч байсан билээ.
Хэдийгээр цанын баазуудыг нээсэн боловч “Скай ресорт”-оос өөр үйл ажиллагаагаа явуулж буй газар нийслэлд бараг алга. Интернэтээс хайж үзэхэд хэд хэдэн цанын баазын нэр гарч ирсэн ч холбогдох дугаар нь ашиглалтад байхгүй, ажиллаж буй, эсэх нь эргэлзээтэй байв. Зориулалтын зам талбай бүхий газарт гулгах хүсэлтэй иргэд олон байгаа ч очих газар нь тун цөөн. “Скай ресорт” гэхэд иргэдийн хөлд дарагдан, ачааллаа даахгүй байгаа гэнэ. Хэдийгээр цахимаар урьдчилж цаг олгож буй ч цанын хэрэгслээ хүлээсэн иргэд дараалал үүсгэн, нэг дор олноороо цугларах болжээ. Олноороо цугларсан иргэд халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй, зай барихгүй, амны хаалт зүүхгүй байх нь наад захын үзэгдэл. 500 гаруй цана, 100-150 хүн гулгуулах чаргатай ч хүрэлцэхгүй байгааг тус байгууллагын менежер учирласан. Нийслэлийн хэмжээнд ганц гэж хэлэхэд хилсдэхгүй цанын бааз нь ачааллаа дийлэхгүй байхад уулын энгэр бараадаж буй иргэдийг буруутгах аргагүй. Гэхдээ коронавирусийн халдвар хаанаас ч, хэнээс ч илэрч мэдэх энэ үед хувийн ариун цэврээ сайн сахихын зэрэгцээ цана, чаргаар гулгахдаа гэмтэж бэртэхээс сэргийлэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Нэг ширхэг нь 20 000-40 000 төгрөгийн үнэтэй, ганц хоёрхон гулгахад л тараа таниулдаг хуванцар чарганд үр хүүхдийнхээ амийг даатгаж боломгүй. Ядаж л чарганаас нь бариад чирээд явахын оронд хүүхдээ зөнд нь орхиж буй нь тун эрсдэлтэй. Зарим эцэг, эх хуванцар бус, модон чаргаар хүүхдүүдээ гулгуулж байгаа нь аюулгүй санагдсан. Ийм чарга нь доргидоггүйгээс гадна амархан хагарч, эвдрэхгүй аж.
Өнгө өнгийн хуванцар чаргыг энд тэндгүй зардаг ч чанар, аюулгүй байдлыг нь хянадаг газар манайд ганц ч байдаггүй юм билээ. Нийслэлийн болон улсын Мэргэжлийн хяналтын байгууллагынхнаас энэ талаар лавлахад “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тоглоомын чанар, аюулгүй байдлыг хянадаг ч чарганд “санаа тавьдаггүй” гэсэн үг. Харин Цанын бааз, мөсөн гулгуурын үйлчилгээний стандарт гэж байдаг аж. Үүнд гулгах зориулалтын зам, талбай болон бүхий л шаардлагыг тусгажээ. Харамсалтай нь, манай улсад хүүхэд, багачууд тоглох, цагаа зөв боловсон, аюулгүй өнгөрүүлэх газар тун ховор. Цас, мөсөн дээр гулгах дургүй хүүхэд гэж үгүй. Гэвч хүслийг нь биелүүлэхдээ эцэг, эхчүүд учиртай хандах хэрэгтэйг ГССҮТ-ийн эмч нар анхааруулсан. Түүнчлэн “Ковид-19” агаарт 4.5 метр зайд 30 минут хүртэлх хугацаанд тархах чадвартайг БНХАУ-ын эрдэмтэд тогтоосон билээ. Тиймээс агаар салхинд гарч байна гээд амны хаалтаа зүүхгүй, зай барихгүй байгаа хүмүүст шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Эрүүл агаарт гаргах нэрээр хүүхдийнхээ эрүүл мэндэд хохирол учруулахгүй байя.