Жэк Ма гурван сарын дараа олны өмнө гарлаа
Хятадын тэрбумтан, “Alibaba” группыг үүсгэн байгуулагч Жэк Ма гурван сарын турш сураг чимээгүй байгаад өнөөдөр /2021.01.20/ өглөө анх удаа олон нийтийн нүдэнд ил гарсан байна.
Тэрбээр Хятадын хөдөө орон нутгийн шилдэг 100 багштай цахимаар уулзжээ. “Tianmu News” цахим сайтын мэдээлснээр цахим уулзалтын үеэр Жэк Ма өөрийн нэрэмжит шагналд тэнцсэн сурган хүмүүжүүлэгчдийг цар тахлын дараа Хайнань арлын Санья хотод цуглуулж, шагналыг нь гардуулахаа мэдэгдсэн гэнэ. Түүний санаачилсан “Jack Ma Foundation” сан жил бүр орон нутгийн шилдэг багш нарыг шагнадаг уламжлалтай билээ.
Жэк Ма олны өмнө гарч ирсэн талаар мэдээ гарсны дараа “Alibaba” группын хувьцааны ханш Хонгконгийн бирж дээр 11 хувиар огцом өссөн байна. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилж, Хятадын эрх баригчид ч түүний үгэнд ихэд эгдүүцэн, бизнесийг нь хааж боож эхэлсэн юм. Үүнээс хойш бараг хоёр сар гаруй олны өмнө гарч ирэлгүй, сураг тасраад байв. Жэк Ма өнгөрсөн оны арванхоёрдугаар сард телевизийн “Apprentice” шоутай төстэй “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч мөн шалтгаангүйгээр ирээгүй юм.
Хятадад эрх баригч Коммунист намтай тэрсэлдсэн хэн боловч хатуу шийтгүүлдэг жишээ олон байдаг бөгөөд олон нийт Жэк Ма ч мөн тэдгээр хүмүүсийн нэг болж байна гэж таамаглаж байв.
Эх сурвалж: SCMP