Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 67 хүн амиа алджээ
Индонез улсын Сулавеси аралд баасан гаригийн шөнө 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 67 хүн амь үрэгдсэн тухай тус улс дахь олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн салбар мэдээлжээ.
Цаашдаа нас барсан болон сураггүй болсон хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төв цэг нь Сулавеси арлын Мажене хотоос зүүн хойд зүгт 6 км зайд, 10 км-ын гүнд байсныг Индонезийн цаг уур, геофизикийн хүрээлэн мэдээлжээ. Мажене хотод 637 хүн бэртэж, 15,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичиргээ 5-6 секунд үргэлжлэхэд Мажене хотын 300 орчим орон байр эвдэрч, нурсныг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлжээ. Газар хөдлөлт шөнө дунд болсон тул гэртээ унтаж байсан олон хүн барилгын нурангинд дарагдсан гэж аврах албаны мэргэжилтнүүд үзэж байна.
Гамшиг болсон газарт хүрэх замд эвдрэл гарсан нь аврагчдыг илгээхэд бэрхшээл учруулж байгаа гэнэ. Мөн газар хөдлөлтийн улмаас харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсэхгүй гэсэн дүгнэлтийг Индонезийн мэргэжилтнүүд гаргажээ.
Номхон далайг хүрээлсэн “Галт цагираг” хэмээх газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт Индонез улс байрладаг тул ийм төрлийн гамшигт байнга өртдөг юм. Сүүлд 2018 онд Сулавеси арлын Палу хотын орчимд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход олон мянган хүн амь үрэгдэж байжээ.