Халдвар аваад эдгэсэн хүмүүст багадаа 5 сарын дархлаа үүснэ
Коронавирусын халдвар аваад эдгэсэн хүмүүст дахин коронавирусын халдвар авахаас сэргийлэх дархлаа хамгийн багадаа 5 сарын хугацаанд байна гэдгийг Их Британийн Эрүүл мэндийн яамны харъяа Public Health England агентлагаас хийсэн судалгаагаар тогтоожээ.
Судалгаагаар коронавирусын халдвар аваад эдгэсэн хүмүүс нь халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад коронавирусын халдвар авахгүй байх магадлал 83 хувьтай байгааг мөн тогтоосон байна. Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд коронавирусын халдвар аваад эдгэсэн бүх хүмүүст коронавирусын эсрэг дархлаа тогтохгүй, дархлаа тогтсон ч коронавирусын халдвараас хэр удаан хамгаалах нь тодорхойгүй гэдгийг анхааруулж байна.
Түүнчлэн коронавирусын халдвар аваад эдгэсэн, уг вирусын эсрэг дархлаатай хүмүүсийн хамар болон хоолойн салстаас нь коронавирус бүрэн арилахгүй байх тохиолдол гарч байгаа ба ингэснээрээ тэдгээр иргэд хүмүүст халдвар тараах боломжтой байгааг онцолжээ. Public Health England агентлагаас хийсэн судалгаанд өнгөрсөн оэы 6-р сараас 11-р сарын хооронд Их Британийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 21 мянган хүнийг хамруулжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 6614 нь коронавирусын эсрэг дархлаатай, 14 мянга нь өмнө нь коронавирусын халдвар авч байгаагүй нь тогтоогдсон байна. Өмнө нь халдвар авсан нь тогтоогдсон иргэдийн 44 нь дахин коронавирусын халдвар авсан байсан нь тогтоогдсон ба энэ нь коронавирусын халдварын авсан иргэд дахин халдвар авах эрсдлээс 83 хувиар хамгаалагдсан гэсэн үг аж.
Судалгаа дахин 1 жил үргэлжилж, эрдэмтэд коронавирусын эсрэг дархлаа хэр удаан тогтох боломжтойг нарийн тогтоохоор ажиллах ч коронавирусын цар тахлын эхний давалгаагаар халдвар аваад эдгэсэн иргэд одоо дахин халдвар авах эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Мөн халдвар аваад эдгэсэн зарим хүмүүс бусдад коронавирусын халдвар тараах боломжтой учраас эдгэсэн ч гэсэн амны хаалтаа зүүж, зай барин, бусдад халдвар тараах дахин халдвар авахаасаа сэргийлэхийг эрдэмтэд зөвлөж байна.
Эх сурвалж: CNN