Ким Жон Уны эмэгтэй дүү албан тушаал буурчээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг Солонгосын Ажилчдын Намын (САН) их хурлаар баталсан Улс төрийн товчооны шинэчилсэн бүрэлдэхүүнд оруулаагүй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын “Yonhap”агентлаг мэдээлэв. Ким Ё Жон 2017 оноос хойш Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байжээ.
Нэгдүгээр сарын 10-ны Ням гарагт болсон намын санал хураалтын дүнгээр Хойд Солонгосын удирдагчийн дүү статусын байр сууриа алдав. Гэхдээ тэрээр намынхаа Төв Хорооны гишүүн хэвээр үлджээ. Ахынхаа дараа улсдаа хоёр дахь хүн хэмээн урт удаан хугацаанд тооцогдож ирсэн Ким Ё Жон албан тушаал буурсан явдал өмнөх нөлөө, эрх мэдлээ алдсаны дохио байж болохыг тус агентлаг тэмдэглэжээ.
Дээрх явдал Ким Жон Ун зарим эрх мэдлээ эмэгтэй дүүдээ шилжүүлсэн гэсэн Өмнөд Солонгос болон АНУ-ын тагнуулын албаны мэдээлэлтэй илт зөрч байгаа аж. Ким Ё Жоныг эх оронд нь “гүнж” гэж нэрлэдэг ч тэрээр “Терминатор” шиг аашилдаг гэж “New York Post” сонин бичжээ. САН-ын VIII их хурлаар Ким Жон Ун намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноор хязгааргүй эрх мэдлийг гартаа төвлөрүүлээ гэж Өмнөд Солонгосын улс төр судлаач, Солонгосын хойгийн ирээдүйн сангийн ажилтан Мэн Чу Сук хэлсэн байна.
Эх сурвалж: BBC