Би, бид өөрчлөгдөх ёстой. Аль болох богино хугацаанд дасан зохицож, өөрчлөгдөж чадсан нь дархлаатай болох тийм л цаг үед дэлхий нийтээрээ тулж ирж дээ. Өнгөрснийг дурсан санаашраад, тэр бүхэн хэзээ нэгэн цагт эргэн ирэх юм шиг бодохоо болъё. Зүгээр л...хүн төрөлхтний өмнө өөр үе, өөрчлөгдөн буй дэлхий дэнжигнэж байна. Гоёлын даашинз, өндөр өсгийт, уруулын будагнаас илүү амны хаалт, бээлий, ариутгагчийн хэрэглээ нэмэгдэж, архи шар айраг, амттанаас илүү чанартай, уураглаг багахан хүнсийг эрхэмлэх хэрэгтэй болох нь.
Хүссэн, хүсээгүй хэрэгцээгүй бүхнээ өөрөөсөө, гэр орноосоо гарган хаяж, өөрчлөгдсөн дэлхий, өөр амьдралд зохицох шаардлагатай. Мөнгөө өндөр өсгийт, үнэт чамирхалд бус, өндөр хамгаалалт, тэжээллэг хүнс, витамин, вакцин, зөв дадал, зүйтэй гаргалгаанд зориулж, хүндрэхэд бэлэн байгаа ирээдүйд зориулах шаардлагатай болох нь. Бүтэн жил хөлдөө жийгээгүй гоёлын гялгар шаахайгаа хараад, үүнийг би яах гэж худалдан авснаа ч бараг ойлгохгүй байна. Хүүхдүүдийн мэргэжил сонголтод ч энэ хамаатай. Дахиад 10, 20 жилийн дараа хэрэггүй болох мэргэжлээр тэд маань яах юм? Өнгөрснийг ардаа хаяж чаддаг байх нь өөрөө зохицол юм даа, зохицох ч болно.
Одоо бол дэлхий даяар төрт ёсоо авч үлдэх гэсэн тэмцэл өрнөж байна. Хэн нэгнээр удирдуулж, ямар нэгэн хууль дүрэмд багтах гэж, тэр нь аврал болно гэдэгт итгэн ард түмэн болгон хичээцгээж байна. Хэрэв хүсээд байгаа аврах бүсийг нь төр өгч чадахгүй бол одоогийн энэ төрт ёсны тогтолцоо ч бас дэлхийн хаа сайгүй нуран унахад бэлэн болжээ. Цаашдаа, дараагийн зуун зуунд илүү олон халдварт өвчин, шийдэхэд хэцүү хүндрэлүүдтэй хүн төрөлхтөн нүүр тулна гэдгийг бид бүгд сэтгэлийнхээ гүнд ойлгочихоод буй хэрнээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад л учир байна. Яг үнэндээ энэ муу чөтгөрийн өвчин хэзээ ч юм, магадгүй хэдэн жарны дараа галав юүлэхийн эхний ялимгүй багахан чичиргээ байлаа.
Болдогсон бол бүүр анхны, бүр хуучин дэлхийг эргүүлэн авчирмаар л байна, гэвч одоо юуг ч засахаас өнгөрсөн. 2020 оноос өмнөх дэлхийг хүсээд ч, эрж хайгаад ч, тэр буцаж ирэхгүй, тэнхлэг тэртэй тэргүй эргэсэн. Тэгэхээр бид ч бас өөрчлөгдөж дээ. Хэрэв бид хурдтай, чанартай дасан зохицож чадвал дараа үеийнхэнд маань, үр хүүхдүүдэд маань амьдрал ядаж л арай илүү амар байх болно. Ирээдүй өнгөрсөн зуун шиг гялтганахгүй гэдэг нь одоо нэгэнт тодорхой боллоо шүү дээ. Гунигтай ч гэсэн үнэн энэ юм.
Эх сурвалж: Эмүжин