Буддын сургаал ёсоор сансрын хүрдэнд орчигч бодгаль бүхэн эрт, орой нэгэн цагт гэгээрэх хувьтай гэж үздэг. Учир нь, гэгээн бодь чанар хаашаа ч алга болоогүй. Тийм учир түүнийг хаа нэгтэйгээс олж авч байгаа юм биш. Гагцхүү бид үнэн дотор, бурханлаг дунд байсаар атлаа мунхгийн зүүдэндээ автаж, зовлон наждаа эдэлдэг юмсанж. Зүүднээс сэрэх арга замыг бясалгал гэдэг.
Бясалгалыг элдэв ид шид эзэмших арга гэж ойлгодог хүмүүс бий. Ид шид, илбэ ховсыг хэрхэвч зорилго болгож болохгүй. Бясалгалын замд юу эс тохиолдох вэ. Гэвч гэгээрэлд тэмүүлж, гэр лүүгээ яарч буй хүн замын цэцэг хөөж явсаар төөрчих аюултай. Тэр тусмаа бодь сэтгэлийн ариусалгүй бол элдэв шидийн хүч гай гамшиг л болно. Чимхээр хурааж байсан нүглээ атга атгаар хураах вий. Билиг ухааны гэрэлгүй бол жамаараа яваа ертөнцийг сандаачсан солиорол болж хувирна. Тиймээс л богд багш нар хамгийн энгүүн байж, хамгийн эрхэм шимийг хүрт гэж сургадаг.
Шантидэва гэгээн Бодичарьяаватра-г (гэгээрлийн зам) айлдаад агаарт хөөрсөн гэх домог бий. Би – үгүйн хоосон чанарыг нээхэд бие цогцдоо ээнэгшиж, би хэмээн тачаадаж байсан уяас алдуурч, сансрын хүрднээс чөлөөлөгдөх гүн утгыг ёгт бэлгэдлээр зүйрлэн харуулсан байх. Бодит явдал байсан ч түүнийг хэлбэрдэж ойлгох учиргүй. Тийм дохио үзүүлэх онцгой учир шалтгаан, түүнийг зүй утгаар нь тайлж ойлгох шавь байсан нь лавтай. Эс бөгөөс мунхаг хүмүүс хоосон чанарын гэгээрлийг агаарт хөөрөхийн нэр гэж ойлгоод, хамаг амьдралаа нислэгийн ёогт үрээд дуусна. Мунхаг хүн нислээ ч, мөлхлөө ч ялгаа юун?
“Тас шувуу тэнгэрт элин халивч нүд нь гуу жалгаас сэг зэмийг эрэх адил ариун номын огторгуйд хөөрөвч ертөнцийн олз ашгаас хараа үл салгах хүн хөөрхийлөлтэй” гэж Бодова гэгээн хэлсэн байдаг. Бодь сэтгэлээс илүү ид шид байхгүй. Хоосон чанараас илүү эрх чөлөө байхгүй. Хайрлан нигүүлсэхээс илүү буян заяа байхгүй. Ариусан гийхээс илүү ашиг завшаан байхгүй. Бясалгалын замд хөл тавьсан хэн ч бай энэ санамжийг зүрхэн тольтдоо сийлэх учиртай.
Нэгэн удаа Будда голын цаад эрэгт гарахаар завь хүлээн суув. Тэгтэл нэг даяанч Буддад ид шидээ гайхуулах гэж голын усан дээгүүр нааш цааш алхан явжээ. Будда түүнийг хараад инээмсэглэж:
– Ийм ид шидийг та хэдий хугацаанд эзэмшив? гэж асуухад даяанч:
– Би гучин жилийн турш уйгагүй хичээллэсэн дээ гэж омог бардангуй хэлэв.
– Ердөө ганц зоос төлөөд завиар гаталчих газар гучин жилийн хөдөлмөрөө зориулсан тань харамсалтай хэрэг гэж Будда хэлжээ.
“Ухаарал бясалгал гэгээрэл” номноос.