Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болов
Элон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Жефф Безосыг давж, дэлхийн хамгийн баян хүн болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Элон Маскийн эзэмшдэг Tesla компанийн хувьцаа пүрэв гарагт огцом өссөнөөр хөрөнгийнх нь хэмжээ 185 тэрбум ам.долларт хүрчээ.
Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос 2017 оноос хойш дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа бөгөөд энэ цагаас хойш анх удаа Элон Маск Безосын байрыг эзэлж байна. Безосын хөрөнгийг 184 тэрбум ам.доллараар тооцож байгаа юм.
Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн үнэ цэнэ энэ жил өсөлттэй байна. Лхагва гарагийн байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 700 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь Toyota, , Volkswagen, Hyundai, GM болон Ford компаниудаас ч өндөр үнэлгээтэй байгаа юм.
Элон Маск дэлхийн хамгийн баян эрхэм болохоосоо өмнө өөрийн Твиттер хуудсандаа хөрөнгийнхөө тэн хагасыг дэлхий ертөнцөд тулгарсан асуудлуудыг цэгцлэхэд зориулах ба үлдсэн тэн хагасыг нь дэлхий ямар нэг гадны дайралтад өртсөн үед Ангараг гараг дээр амьдарч болох хот байгуулахад зориулна гэж бичиж байжээ.
Шинжээчдийн харж байгаагаар АНУ-ын Сенатын танхимд Ардчилсан намынхан олонхийн суудал эзлэх нь тодорхой болсон нь Маскийн хөрөнгийн хэмжээ, хувьцааны ханшийг өсгөхөд хөшүүрэг болсон гэж таамаглаж байна.
Хөрөнгө оруулалт, санхүүгийн Wedbush Securities байгууллагын шинжээч Даниель Ивсийн хэлснээр цэнхэр буюу ардчилсан Сенат хувьцааны үнийг өсгөж байгаа бөгөөд энэ нь Tesla төдийгүй цахилгаан автомашины салбарт тоглоомыг өөрчлөх маш том боломж гэж тайлбарлажээ. Цахилгаан болон эко тээврийн хэрэгслийн татварыг хөнгөлөх шийдвэр үүнд нөлөөлөж байна.
Эх сурвалж: ВВС