Хятадын Шижязуань хот 11 сая иргэнээ бүгдийг шинжилгээнд хамруулна
Хятадын Хэбэй мужийн Шижязуань хотод COVID-19 халдварын 120 тохиолдол пүрэв гаригт бүртгэгдсэн тул тус хотын 11 сая хүн хөл хорионд орлоо. Энэ нь таван сарын дараах хамгийн олон тохиолдол учир боловсролын бүх байгууллагыг хааж, хотоос гарахыг хоригложээ.
Энэ хугацаанд 5000 гаруй цэгт бүх иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Мөн таван эмнэлгийг халдвар авсан өвчтөнүүдэд зориулан чөлөөлж, дахин гурван эмнэлэгийг нэмж бэлтгэхэд бэлэн гэж хотын дэд дарга мэдэгдсэн байна.
Халдварын гол голомт нь тус хотын Гаочен дүүрэг учир дүүргийн иргэдийг гэрээс гарахыг хоригложээ. Харин бусад оршин суугчид хотоос гарахгүй юм. Түүнчлэн халдварыг тараасан хэмээн тус дүүргийн гурван албан тушаалтанд шийтгэл ногдуулсан гэж “China Daily” сонин мэдээлжээ. Үүний өмнө есөн сая хүнтэй Циндао хот таван тохиолдол илэрсний дараа хөл хорио тогтоож байсан юм.
Эх сурвалж: BBC