Хятадын санхүүгийн системийг шүүмжилсэн Жэк Ма сураггүй алга болжээ
Хятадын тэрбумтан, цахим худалдааны "Alibaba" сайтын үндэслэгч Жэк Ма Хятадын санхүүгийн системийг шүүмжилж, шинэчлэл хийхийг дэмжсэн мэдэгдэл өнгөрсөн оны 10-р сард хийснээс хойш олны өмнө нэг ч удаа гарч ирээгүй тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний байгаа газрын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж эхэлжээ.
Тэрбээр мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 10-аас хойш бараг гурван сарын турш твиттер хуудсандаа жиргээгүй байна.
Тэр ч бүү хэл саяхан Жак Ма өөрөө ивээн тэтгэж буй “Apprentice” шоутай төстэй “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч ирээгүй гэнэ. Тус шоунд оролцож буй Африкийн бизнесменүүд 1.5 сая ам.доллартай тэнцэх хувьцааны төлөө өрсөлддөг аж.
Түүний оронд "Alibaba"-ийн үүсгэн байгуулагчдын нэг Люси Пэн ерөнхий шүүгч болсон бөгөөд тус нэвтрүүлгийн вебсайтаас Жэк Магийн зургийг нь хассан гэж "Financial Times" мэдээлэв.
Дээрх мэдээнд мөн "Alibaba"-ийн төлөөлөгч "Ноён Ма цагийн хуваарь нь зөрчилдсөний улмаас шоуны төгсгөлийн хэсэгт оролцож чадахгүй болсон" гэж мэдэгдсэн болохыг онцолсон байна.
2020 оны 10-р сарын 24-нд Хятадын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх үеэр 56 настай технологийн магнат Жэк Ма коммунист дэглэмтэй Хятад орны эдийн засгийн систем нь өрсөлдөөнийг дэмждэггүй хэмээн шүүмжилж шинэчлэл хийхийг уриалсан юм. Тэр ч байтугай Жэк Ма Хятадын банкууд “ломбард” шиг сэтгэлгээгээр үйл ажиллагаа явуулдаг гэж мэдэгдсэн юм.
Тус мэдэгдлийг хийснээс хэдхэн өдрийн дараа Жек Магийн үүсгэн байгуулсан санхүүгийн компани "Ant Group" IPO гаргах гэж байсан юм. Харамсалтай нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн биеэр тус IPO-г зогсоосон гэж "Wall Street Journal" мэдээлжээ.
Хөрөнгийн зах зээлийн ертөнцөд хамгийн томд тооцогдож байсан тус IPO нь нийт 35 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан аж.
Жэк Магийн Хятадын засгийн газрыг шүүмжилсэн илтгэл
Эх сурвалж: independent.co.uk