Ө.Ганзориг: Эрсдэл гарцаагүй
Хүүхдүүд маань яг одоо тригонометрийн хичээл үзэж байна. Тэд ирээдүйн амьдралдаа дахиж хэзээ ч тригонометртэй нүүр тулахгүй байх магадлал нь бодитой юм.
Харин хүүхдүүд маань ирээдүйд, амьдралынхаа туршид эрсдэлтэй нүүр тулах болно. Гэхдээ харамсалтай нь тэдэнд ЭРСДЭЛИЙН ХИЧЭЭЛ орохгүй байна. Гэтэл эрсдэл (Risk/риск) бол гарцаагүй.
Бид хүүхдүүдээ амжилттай, бүтээлтэй, аз жаргалтай хүн болоосой гэж хүсдэг. Амжилттай бизнесмен, амжилттай инженер, шилдэг удирдагч болохын тулд заавал эрсдэлтэй нүүр тулах хэрэгтэй болно.
Жишээлбэл: Компани байгуулж, түүнийг удирдах нь далайн шуурган дундуур завиа живүүлчхэлгүй жолоодохтой ижил. Харин АМЖИЛТ БОЛ ЭРСДЭЛИЙГ АМЖИЛТТАЙ ДАВАН ТУУЛСНЫГ ХЭЛДЭГ. Үүнийг эрсдэлийн ойлголттой, эрсдэлийн боловсролтой хүн л хийж чадна.
Монгол улсад 2020 оны 3-р улирлын байдлаар 0-12 насны 28,600 хүүхэд бэртэж гэмтэж эсвэл амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүүхдүүд эрсдэлд өртсөн байна. Энэ аймшигтай их эрсдэлийг бууруулах нь төр засгийн үүрэг төдийгүй, эцэг эх та бидний үүрэг.
Өнөөгийн нийгэмд хүүхдийнхээ боловсролыг сургуульд найдаад хаяна гэдэг бол маш утга учиргүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Бидний хүүхдүүд эрсдэлийг таньдаг, мэддэг, тойрч гарч, удирдаж чаддаг боловсролтой байх ёстой.
Үүнд нь эцэг эх та бид анхаарах хэрэгтэй болоод байна.
Үхэл гарцаагүй гэдэгтэй адил эрсдэл гарцаагүй билээ. Бидэнд эрсдэлийн боловсрол үгүйлэгдэж байна. Бидэнд “Эрсдэлийн Сургууль” хэрэгтэй байна!
Ө.Ганзориг