Лондон хотын шүүх Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэхээс татгалзаж, Мексик улс оргонол олгохоор болов
Лондон хотын Эрүүгийн төв шүүхийн шүүгч Ванесса Барайцер WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. "АНУ-д Ассажийн хувьд захиргааны тусгай арга хэмжээ буюу ноцтой тусгаарлалтыг хэрэгжүүлж болзошгүйг би анхаарч үзсэн.
Эл арга хэмжээ нь Ассанжийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж магадгүй” гэж Барайцер хэлсэн байна. Түүний бодлоор сэтгэлийн хямрал, аутизмын эмгэг, Аспергерийн синдромоор шаналж буй Ассанж дахин амиа хорлох бодол төрж магадгүй аж. АНУ-ын тал Их Британийн шүүхэд 14 хоногийн дотор давж заалдахгүй бол Жулиан Ассанж батлан даалтаар суллагдах магадлалтай болов. Эл шийдвэрийг ирэх Лхагва гарагт гаргах аж.
Жулиан Ассанж нь “Wikileaks” сайтаараа дамжуулан 2010-2011 онд АНУ-ын төрийн нууцад хамаарах олон тооны материалыг нийтэлсэн хэргээр буруутгагдсан. Хэрэв түүнийг АНУ-д шилжүүлэн өгвөл Ассанж бүх насаараа шоронд хорих ял сонсох магадлалтай. Түүнийг шилжүүлэн өгөх тухай шүүх хурал өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа Мексик улс Ассанжид орогнол олгоход бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC