АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа баярын цахим жагсаал болно
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдений Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах комисс коронавирусын цар тахалтай холбоотойгоор иргэдийг олноор цуглуулахгүй байх үүднээс Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа уламжлал ёсоор Пенсильвания өргөн чөлөөд болдог баярын жагсаалаас татгалзаж, жагсаалыг цахим хэлбэрээр явуулахаар болсноо өнгөрсөн ням гарагт зарласан байна.
Зурагтаар болон цахим хэлбэрээр явагдах баярын жагсаалд Америкийн өнцөн булан бүрээс иргэд оролцож, Америкийн шинэ эрин эхэлж буйг бэлгэдэн тус улсад амьдарч буй иргэдийн онцлог шинж чанар, өв соёл зэргийг онцгойлон харуулах аж. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах комиссоос иргэдийг Жо Байден болон Камала Харрисын тангараг өргөх ёслолыг үзэхийн тулд аялахгүй байхыг зөвлөжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Цагаан ордон руу хөдлөх Ерөнхийлөгчийн цуваанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүх салбар нэгжийн төлөөгчид багтсан байх ба ингэснээр ирэх 4 жилд АНУ-ыг удирдах шинэ багийг дэлхий даяар харах боломжтой аж.
Энэ сарын 20-нд болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг эрүүл мэнд, аюулгүй байдлын хатуу протоколын дагуу явагдах ба арга хэмжээг аюулгүй зохион байгуулахын тулд мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байгаа гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулагчид энэ сарын 19-нд коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN