ОХУ-ын эрх баригчид "Covid-19"-ийн халдвараар гурав дахин их хүн нас барсныг хүлээн зөвшөөрчээ
Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо ОХУ-д харьцангуй цөөн бүртгэгдсэнийг цар тахалтай зөв аргаар амжилттай тэмцэж буйн илрэл гэж тус улсын эрх баригчид тайлбарласаар ирсэн юм.
Харин өрнөдийн болон Оросын зарим судлаачид эрх баригчдыг бодит тоогоо нуун дарагдуулж байж болзошгүй хэмээн хардаж байв. Тэгвэл даваа гарагт ОХУ-ын статистикийн ерөнхий газар Росстат энэ оны эхний арваннэгдүгээр сарын хугацаанд бүх төрлийн өвчнөөр нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 229,700-аар өссөн тухай мэдээлжээ.
“Энэ хугацаанд гарсан өсөлтийн 81 орчим хувийнх нь үхлийн шалтгаан "Covid-19" болж байна” гэж ОХУ-ын засгийн газрын шадар сайд, цар тахалтай тэмцэх төвийн тэргүүн Татьяна Голикова өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Энэ нь ОХУ-д нийтдээ 186,000 гаруй хүн "Covid-19" өвчнөөр нас барсан гэсэн үг юм. Цар тахал эхэлсэн цагаас хойш нийтдээ 55,265 хүн нас барсан гэж өмнө нь мэдээлж байжээ. Ингэснээр тус улс нас баралтын тоогоор дэлхийд АНУ (333,140), Бразил (191,139) улсуудын дараа гуравт бичигдэж байна.
Үүнээс гадна ОХУ нь нийт гурван сая гаруй халдварын батлагдсан тохиолдолтойгоор дэлхийд АНУ, Энэтхэг, Бразилын дараа дөрөвт бичигдэж байгаа юм. Оросын эрх баригчид энэ сарын эхээр эрсдэл өндөртэй салбарын ажилтнуудыг түрүүлж вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нийт хүн амын 60-аас дээш настнуудыг хамруулж эхэлсэн юм.
Гамалейн хүрээлэнд бүтээсэн Спутник V вакцины 700,000 тунг өнгөрсөн хугацаанд Оросын дотоод хэрэгцээнд нийлүүлсэн талаар даваа гаригт үйлдвэрлэгчид нь мэдээлжээ. Гэхдээ хэдэн хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа талаар тоо баримтыг зарлаагүй байна.
Эх сурвалж: interfax.ru