Путин, Медведев хоёр насан туршдаа халдашгүй эрхтэй боллоо
ОХУ-ын хуучин ерөнхийлөгчид болон түүний гэр бүлийн гишүүд насан туршдаа халдашгүй байх эрхтэй хуулийн төсөлд Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт гарын үсэг зурсан.
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн халдашгүй дархан эрхтэй байх тухай хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Төрийн Дум дэмжсэн билээ.
Хуулийн дагуу ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн албан тушаалд томилогдохоосоо өмнө гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага тооцох, саатуулах, баривчлах, цагдан хорих боломжгүй болсон юм. Харин эх орноосоо урвасан эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр тохиолдолд халдашгүй байх эрх үйлчлэхгүй.
Энэ жилийн эхээр бүх нийтийн асуулгаар үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг болох шинэ хууль ерөнхийлөгч Владимир Путин, экс ерөнхийлөгч Дмитрий Медведев нарт үйлчилнэ. Учир нь энэ хууль хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч нарт хамаарахгүй. Мөн тус улсын ерөнхийлөгч нар бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа энэ албыг хашихаар заажээ.
Эх сурвалж: BBC