УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” компанийг вакцины мөнгө өг гэж шахалт үзүүллээ...
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчид, удирдлагын багт хандан уриалга гаргасан байна. Тус уриалгад Коронавирусийн эсрэг Монголын томоохон уул уурхайн компаниуд хүчээ нэгтгэн ажиллаж байна.
Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ус, цахилгааны суурь үнийг чөлөөлсөн бол “Эрдэнэс-Тавантолгой” компани сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулж чадах чинээгээрээ туслаж байна.
Энэ бэрхшээл, сорилтыг давахын тулд ард түмний баялаг ордыг эзэмшигч Оюутолгой компанийг хувь нэмрээ оруулаач хэмээн уриалга гаргажээ. Тэгэхдээ “Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд Коронавирусийн эсрэг вакцин авч өгөх хөрөнгө мөнгийг гаргахыг" эрхэм гишүүн уриалж байгаа юм. Нэг талаараа уриалга мэт боловч улс төрийн томоохон шахалт учир Оюутолгойн компанийн удирдлага тодорхой шийдэлд хүрэхэээр хуралдаж эхэлсэн сураг байна.
Засгийн газрын тухайд ирэх оны төсөвтөө Коронавирусийн эсрэг вакцин авах санхүүжилт суулгаагүй нь улс төрийн намуудын шүүмжлэл дагуулж байгаа юм. Ядуу буурай оронд өгөх тусламжийн вакцинаас авах хүсэлтээ илэрхийлсэн нь “Өнгийсөн хүнд өдий байна” гэдэгтэй утга нэг.
Ямартаа ч “Баян хүн таван хаанд нүүртэй” гэдэгчлэн Монголчууд тусламжийн вакцины дараалалд зогсож байхын оронд мөнгөө бариад очвол арай түргэн бүтэх болов уу. Тэгээд ч Оюутолгойн ордын эзэмшигч удирдлагын багууд Англи, Австрали улсад төвлөрдөг юм. Энэ Засгийн газрыг хүлээвэл 2021 онд л вакцины бараа харна гэсэн судалгааг АН-ын зүгээс өгч байна.
Б.Жаргалсайхан