Хаалттай боолттой нийгэмд ч гал цогтой шүлэг, нийтлэл, найраглалаа бичиж, эрхтэн дархтаны араа шүдэнд зуулгаж, ажилгүй амьдралгүй болтлоо хохирч, хэлмэгдэл, шорон, цөллөгийг Монголын ахмад үеийн яруу найрагч, сэтгүүлч зохиолчид туулсан.
Гэвч тэд бие сэтгэлээр үзсэн туулсан зовлон бэрхшээлдээ үл ялархан, авьяас билэг нь үл мохон бидэнд үлдээсэн дуу шүлэг, үлгэр домог, ардын аман зохиолын судалгаа, яруу найраг, түүхэн зохиол роман, тууж ,өгүүллэг олон юманд би хувьдаа бахархаж баясаж, өөрийгөө тэднээс асар их чамлан суралцахыг хичээдэг.
Надад хадаг барьж, багшаа хэмээн дуудаж шавь орсон нэг ч зохиолч үгүй ч Монголын хийгээд гадаадын олон сайн сайхан зохиолчид ,тэдний бичиж үлдээсэн номыг уншиж сурч, хүндэлж биширч бахдаж явдаг.
Монголын Зохиолчдын эвлэл хэмээх сайхан айл өрхөд цэл залуухан охин байхдаа ажилд орж ном сэтгүүлээс зураг, шүлэг, өгүүллэг, туужийг нь уншиж шүтэж байсан олон сайхан зохиолчдыг амьдаар нь харж ,ярьж хамт инээж ,хааяа хамт сархаднаас нь амсаж явсан өөрийгөө би асар их азтай хүн гэж боддог.
Тоомойн Очирхүү, Зундуйн Дорж,Б.Лхагвасүрэн, Дашбалбар ах, Дэндэвийн Пүрэвдорж, Дожоогийн Цэдэв, Хар Зана,Ш.Цогт, Пүрэвсүрэн, Долгорын Нямаа,С.Пүрэв, Бороохойн Батхүү,Зандраабайдий, Дожоогийн Цэдэв, С.Дашдооров,Дармын Батбаяр,Д.Гармаа, Далхаагийн Норов, Өндөр Нацгаа, сахал Нацгаа ,Дашзэвгийн Банзрагч,шог зохиолч Доржготов , Барын Цэдэв, Ш .Жамлийхаа , Доньд, З.Ядмаа, Урианхай, Д.Цоодол, Шагдайн Цэнд-Аюуш, зохиолчдын хорооны дэд дарга байсан Цэнд-Аюуш, Н.Энхбаяр, Ц.Энхбат, Л.Нарангэрэл,Ц.Байды, Ерэнтэй, С.Цогтбаяр , Б.Сүхбаатар, Шартолгой гуай бүгдтэй нь хамт ажиллаж байлаа. Ийм гоё сайхан авьяастай хүмүүстэй хамт ажиллаж, ярьж хөөрч ,инээж байсан гэж бодохоор л баярлаж бахданам би. Гэвч хорвоо дэлхийд ирсэн амь бүр мөнх бус учир эдний дийлэнх нь одоо байхгүй.
Өөр орчлон ертөнцөд одон морилсон.
Гэвч зохиол бүтээлүүд нь өнөө ч амьдарсаар. Үнэхээр бахдам сайхан биш гэж үү. Хүн бүрд тохиох хувь ерөөл, тохиол биш шүү дээ.
Инээд, бүтээл цалгисан ордон өргөө байсан тэр үед. Тэдний ярих онигоо дуусна гэж үгүй одоо ч чихэнд дуурсана. Дийлэнх нь сайхан хүмүүс байсан хүүхэд шиг гэнэн ,цайлган, хөөрүү.
Тэд байгаагүй бол...тэд бичиж үлдээгээгүй бол....
Би өнөөдөр үзэг цаас эрээчигч болоод явж байх байсан уу.
Аль ч нийгэмд үе үеийн ахмадуудын туулж элээсэн нийгэм ,цаг хугацаа нь бидний дараагийн үе үеийн залуусын туулахаас өөр өөр хүнд, бэрхшээл ихтэй байсан ба байдаг юм.
Одоо бол харин ч оюун санааны хийгээд сэтгэхүйн болон биеийн хувьд ч асар их эрх чөлөөтэй нээлттэй цаг үед бид амьдарч байгаа азтай хүмүүс.
Харин ирээдүйд тэр цагийн залуус дараагийн ахмад үе юу туулж, сөрж амьдрахыг би таашгүй....
Ээж аав минь ч ахмадуудын үед орно.Хүн бүр хожим ахмад үед орно.
Тэд байгаагүй бол чи энэ орчлонд ирчихээд ахмадууд юу ч хийгээгүй, хэн ч биш гэж солиорч явах байсан уу?
Ахмадууд юу ч хийгээгүй бол чиний ээж аав чамайг төрүүлээгүй, өсгөөгүй, чи энэ орчлонд төрөөгүй ,хүн биш сүнс атлаа тэднийг нулиман, яллах сүг сүүдэр ажгуу.
Өнгөрснийг өнөөдөрт хүргэлцэж, үүрэлцэн
эдүгээд авчирч өгсөн үе үеийн ахмадууддаа талархан мөргөмүй.
Эх сурвалж: ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ