Бүх айл өрх, аж ахуй нэгжийн цахилгаан дулаан, ус, хогны төлбөрийг төр төлөхөөр боллоо /Видео/
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
12 сарын 1-ээс 2021 оны 7 сарын 1-н хүртэл ААН болон иргэдийг дараах төлбөрүүдээс тэглэж байна
- Хэрэглээний эрчим хүч,
- Ус дулаан,
- Хогны төлбөр
- Үүний зэрэгцээ нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл буурууллаа.
100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө төлөх аж.
Эдгээр хөнгөлөлтөд хамаарагдахгүй байгууллага буюу салбарууд
- Төсөвт байгууллага
- Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
- Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
- Банк, банк бус санхүүгийн байгууллага
- Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
- Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр зэрэг газрууд төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.
Эдгээр төлбөрт шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэх аж.
Шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцах гэнэ.
Орон нутаг болон хот хооронд аялах иргэдэд:
Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана.
Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна. Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ.
"Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм.