Грек, Туркийн сөргөлдөөн - Европын шинэ тулааны талбар
11 дугаар сар бол Эгийн болон Ионийн тэнгисийн амралт сувиллын газрууд сая сая жуулчдаар дүүрэн байдаг үе. Гэтэл энэ жил Критийн наранд шарлагын газруудад цэргийн хөлөг онгоцууд олноор үзэгдэх болж, дэлхийн томоохон сонинуудын тэргүүн нүүрэнд тус бүс нутагт байдал түгшүүртэй болсон тухай мэдээлсээр байна.
НАТО-гийн эвслийн гишүүн Турк, Грек хоёр Газрын Дундад тэнгист илэрсэн хийн ордыг булаалцалдан сөргөлдөж, улмаар аялал жуулчлалын оргил үед сөргөлдөөн эрс хурцдан, түүнд бусад улс орнууд татагдан орж эхэллээ.
Сөргөлдөгч талуудын аль нь ч буулт хийхийг хүсэхгүй байна. Туркийн Ерөнхийлөгч хэлэхдээ, Грек бол Византийн гүрнийг залгамжлагч биш гэсэн бол Грекийн тал эргийн бүсээ өргөжүүлж, тус улсын Батлан хамгаалахын сайд асан твиттер хуудсандаа Элладын флотыг ивээгч, гайхамшгийг бүтээгч Гэгээн Николайн хөргийг байрлуулжээ.
Хямрал сөргөлдөөнд гадны олон тоглогч оролцож, Грекээс гадна Франц, Египет, АНЭУ, Израиль улс Туркийн эсрэг зогсож байна.
Хийн фронт ба Туркийн эсрэг тэнхлэг
Грек, Туркийн хооронд бүхэл бүтэн зууны турш үргэлжилж буй дайсагналд дахин нэг шинэ фронт нээгдлээ. Энэ бол 2019 онд Киприйн өмнөд эрэгт илэрсэн хийн том орд юм.
Эл ордыг Францын Total, Италийн Eni гэсэн хоёр компани эзэмшиж буйг Туркийн тал эсэргүүцэж байгаа юм. Учир нь, арлын хойд хэсэгт байгуулагдаж, өөрийгөө зарлан тунхагласан БНУ дахь турк гаралтай кипрүүд уг төслөөс ямар ч хувь хүртэхгүй байгаа аж.
2020 оны 1 дүгээр сард Грек, Израиль, Кипр гурав хий дамжуулах хоолой барих тухай хэлэлцээр байгуулж, уг хоолойгоор Европын зах зээлийн 4 хувийг хангах боломжтой гэж тооцоолжээ. Харин Турк улс энэхүү бүс нутгийн хамтын ажиллагааны гадна орхигдсон байна.
Үүний хариуд Туркийн тал НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Ливийн засгийн газартай “Далай тэнгисийн хил заагийг тогтоох тухай” хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн дагуу Грек-Израилийн хийн хоолой дамжин өнгөрөх хэд хэдэн хэсэг газрыг эзэмших эрхийг Турк авчээ.
“Энэ хэлэлцээр нь далайн эрхзүйн тухай НҮБ-ын Конвенцийн суурь зарчмуудад харшилж, Грекийн бүрэн эрхт байдлыг зөрчиж байна. Хэлэлцээрийн гол зорилго нь Грек, Кипр хоёрыг эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдээ Туркийн талтай зөвшилцөхөөс аргагүй байдалд хүргэх явдал” гэж Лейдений их сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн багш Василис Каракасис дүгнэлээ.
Харин Туркийн эрх баригчид НҮБ-ын Конвенцийг батлаагүй бөгөөд нөхцөл байдлыг өөр өнцгөөс харж байна. “Турк улс юуг ч зөрчөөгүй. Бүх талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л далай тэнгисийн хил оршин байдаг. Грек зөвшөөрөөгүй тохиолдолд Турк, Ливи хоёрын тохиролцсон хилийг хүчинтэй гэж үзэж болохгүй. Үүний сацуу Грекийн тал өөрийн арлуудын эргэн тойрны усан орон зайг эзэмшихээр зарга мэдүүлж байгаа нь ч гэсэн үндэслэлгүй, учир нь үүнийг Туркийн тал хүлээн зөвшөөрөөгүй” гэж Истанбулд ажилладаг бүс нутгийн аюулгүй байдлын шинжээч Йорюк Ишык ярьж байна.
Турк-Ливийн хэлэлцээрийн хариуд Грекийн тал Египет улстай далай тэнгисийн асуудлаар нууц гэрээ байгуулжээ. Энэ нь Анкарагийн уур хилэнг хүргэж, Туркийн тал хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзан, Грекийн Карпатос, Родос, Кастелоризо гэсэн 3 арлын ойролцоох маргаантай байгаа тэнгисийн орон зайд хайгуул явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
11 дугаар сарын эхээр Туркийн “Орук Рейс” гэдэг геологи хайгуулын усан онгоц тэнгисийн цэргийн 5 хөлөг онгоцоор хамгаалуулан маргаантай район руу хөдлөв. Туркийн хөлөг онгоцуудыг Грекийн флот ажиглан дагаж байсан нь хоёр улсын хөлөг онгоцуудын хооронд жижиг хэмжээний мөргөлдөөн дэгдэхэд хүргэжээ. Мөн хоёр талын нисэх онгоцууд Кастелоризо арлын дээгүүр нисэж, жуулчдыг багагүй айлгаж сандаргалаа.
Туркийн үйлдлийн хариуд Грек, Кипр, Франц, Италийн хамтарсан “Эвномия” гэдэг цэргийн сургуулилт болсон бөгөөд 1996 оноос хойш ийм олон тооны хөлөг онгоц тус бүс нутагт бөөгнөрч байгаагүй юм. Түүнчлэн АНЭУ-аас Ф-16 сөнөөгч онгоцууд Критэд ирэв.
Хариуд нь Туркийн тал Америкийн Тэнгисийн цэргийн хүчинтэй хамтран сургуулилт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ Грекийн түншүүдээс ялгаатай нь гэвэл, америкчууд Туркийн байр суурийг дэмжихгүй байгаа юм.
Грекийн тал Европын Холбоонд /ЕХ/ хандаж, Туркийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа боловч тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Жозеп Боррель хэлэхдээ, тодорхой алхмууд хийнэ гэж Брюссельд найдах хэрэггүй гэдгийг ойлгуулжээ.
Харин ЕХ-г даргалж буй Герман улс хямралыг зохицуулахын тулд зуучийн үүрэг гүйцэтгэхээр оролдож байна. Афин, Анкара хоёрын дунд зуучилж буй Германы Гадаад харилцааны сайд Хайко Маас талуудыг хэлэлцээний ширээний ард суулгах гэж ятгасаар байгаа боловч түүний уриалгыг хэн нь ч ойшоон сонсохгүй байна. Үүний сацуу хоёр улсын Гадаад харилцааны яамд хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсээр байгаа. Харин Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган улсынх нь эрх ашигт халдаж буй Грекийг буруутгаж, буулт хийхээс татгалзсаар байгаа бол Грекийн Ерөнхий сайд К.Мицотакис өөрийн харьяаллын арлуудын эргэн тойрон дахь эргийн бүсийг баруун зүгт тэлнэ гэдгээ зарлан мэдэгдлээ.
ВВС-гийн асуулгад оролцсон Грек, Туркийн шинжээчдийн ярьснаар, хийн асуудлаарх сөргөлдөөн нь ердөө далим шалтаг төдий зүйл ажээ. Уг сөргөлдөөнийг хил хязгаарын маргаан, далайн эрхзүй ба үндэсний хэмжээний төслүүдийн талаарх зөрүүтэй ойлголтууд болон геополитикийн шинэ нөхцөл байдлаас тусад нь салган ойлгох аргагүй юм.
Франц, Израиль ба бусад холбоотнууд
Грекийн хүн ам 11 сая хүрэхгүй бөгөөд цөөрсөөр байгаа бол Туркийн 82 сая хүн ам улам өссөөр. Үүнээс үүдэн хоёр улсын зэвсэгт хүчний чадавхийг харьцуулах аргагүй.
“Грек улс ганцаараа Туркийг сөрөн зогсож чадахгүй. Иймээс тус улс эвслийг бүрдүүлж, дипломат алхмуудыг идэвхтэй хийж ирсэн. Европын Холбоо аажмаар Грекийн байр суурийг дэмжих болсон нь Туркийг айлгаж, түүнийг буланд шахлаа” гэж Истанбулын Кадир Хас их сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн профессор Димитрий Триантафиллу дурдсан байна.
Бодит байдал дээр Израиль-Грек-Кипр ба Египет-Грек-Кипр гэсэн хоёр гурвалжингаас бүрдэх /Францын дэмжлэгтэй/ Туркийн эсрэг тэнхлэг хүчээ авч байна гэсэн дүгнэлтийг Тель-Авивийн их сургуулийн Үндэсний аюулгүй байдлын хүрээнлэнгийн ахлах ажилтан Галлиа Линденштраусс хийжээ. Үүнтэй зэрэгцээд Израиль-АНЭУ-ын харилцаа хэвийн болсон нь уг эвслийг улам хүчирхэг болгов.
Мэдээж эвсэлд оролцогч бүх тал өөр өөрийн гэсэн зорилгыг өвөрлөж байгаа бөгөөд одоохондоо тэд Грекийг дэмжиж байгаа боловч урт хугацаандаа грекчүүдийн хувьд шинэ тоглогчид орж ирэх нь ашиггүй гэж Истанбулын судлаач Ишык дүгнэжээ.
Тэнгисийн хоолойн статусын тухай Монтрё-гийн Конвенцийн дагуу Хар тэнгис нь гадныханд хаалттай бол харин Газрын Дундад тэнгист шинэ тоглогчид гарч ирж байна. Энэ нь Грек, Турк хоёрын аль алинд нь ашиггүй бөгөөд илүү хүчирхэг тоглогчид гарч ирснээр тус хоёр улс хоёулаа шахагдаж магадгүй гэдгийг Ишык анхааруулсан юм.
Нэг талаас Египет ба АНЭУ, нөгөө талаас Турк улс бие биенийхээ эсрэг сөрөн зогсож байгаа нь исламын улс төр, үзэл суртлын талаарх байр суурийн зөрүүгээс үүдэлтэй. Туркийн эрх баригч нам ба Эрдоганы хувьд “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөний үзэл санаа илүү ойр байдаг бөгөөд тус байгууллагын олон гишүүн Туркэд орогнодог.
Харин Египет, АНЭУ-ын эрх баригчид улс төржсөн исламыг “хорлонтой зүйл” гэж үздэг ба Туркийн зүгээс “Ах дүү мусульманчууд-“ыг дэмжиж байгаа нь улс орных нь тогтвортой байдалд аюул учруулж байгаа ажээ.
Түүнээс гадна, туркууд Газын зурвасыг хянаж буй лалын “ХАМАС” хөдөлгөөнийг дэмжиж байгаа нь Израилийг ч мөн түгшээдэг. Израилийн “Моссад” тагнуулын албаны захирал Йоси Коэн хаалттай уулзалтын үеэр ярихдаа, Турк бол Израилийн заналт дайсан болох Иранаас ч илүүтэйгээр бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буйг дурдаж байжээ.
“Буланд шахагдсан мэт мэдрэмж, эргийнх нь ойролцоо өрнөж буй үйл явдалд Франц тэргүүтэй бүс нутгийн том гүрнүүд өөрсдийг нь оролцуулахгүй байгаа мэт сэтгэгдэл туркуудад төрж байна” хэмээн Их Британийн Хатан хааны дэргэдэх Батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Зия Мерал дүгнэжээ.
Франц улс Газар Дундын тэнгист идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тус улс Ливид бүтэлгүйтсэнтэй холбоотой гэдгийг бүх шинжээчид санал нэгтэй хэлж байна. Ливийн иргэний дайнд оролцогч талуудын ард бүс нутгийн тэргүүлэгч гүрнүүд бий. Тухайлбал, Турк улс НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Ливийн засгийн газрыг дэмжиж байгаа бол генерал Х.Хафтарын командалж буй Ливийн Үндэсний армийг АНЭУ, Египет, Франц болон Орос улс ил далд хэлбэрээр дэмжиж байгаа юм.
Э.Макрон гэхэд Грект дипломатын ба цэргийн тусламж үзүүлж, цэргийн хамтарсан сургуулилтад оролцуулахаар “Рафаль” сөнөөгч онгоцууд, “Лафайет” фрегат хөлөг онгоцоо илгээж, Туркийг шүүмжилж, твиттер хуудсандаа грек хэлээр бичиж байна. Үүнийх нь төлөө Макроныг Грекийн ерөнхий сайд “жинхэнэ анд нөхөр, Европын үнэт зүйлсийг хамгаалагч” гэж нэрлэдэг. Гэхдээ Макрон зөвхөн найрамдал нөхөрлөлийн төлөө үүнийг хийж буй хэрэг биш гэж шинжээчид үзэж байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Грек улс хуучирсан хөлөг онгоцууд бүхий тэнгисийн цэргийн флотоо шинэчлэхээр оролдож байгаа бол Франц улс Грек болон Кипрт хөлөг онгоц, сөнөөгч онгоцуудаа худалдахыг хүсч байгаа гэдгийг Туркийн шинжээч хэллээ. Түүнчлэн Францын Total корпораци Киприйн ордуудыг ашиглахад оролцож байгаа юм. Брюссельд очихдоо францчууд сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэмждэг хэрнээ Газрын Дундад тэнгист болохоор нефть, хийн төлөө дайтахаас буцахгүй байгааг Туркийн шинжээч дурдлаа.
АНУ-ын оролцоогүйгээр сөргөлдөөнийг намжаах нь
Грек, Турк хоёрын аль алинд нь нөлөөлж чадах хөшүүрэг зөвхөн Вашингтонд л бий гэдэгтэй ВВС-гийн ярилцлагад оролцсон бүх шинжээч санал нэг байна. Харин Д.Трампын засаг захиргаа тус бүс нутаг дахь АНУ-ын оролцоог багасгахад чиглэсэн Б.Обамагийн бодлогыг үргэлжлүүлж байгаа юм.
“АНУ зуучлах аваас хямрал даамжрахаас сэргийлэх боломж бий. Гэвч одоохондоо Грек-Туркийн сөргөлдөөнийг Трампын засаг захиргаа чухал асуудал гэж тооцохгүй байна” гэдгийг Лейдений их сургуулийн судлаач Василис Каракис хэллээ. Түүний үзэж байгаагаар, германчууд АНУ-ын орон зайг нөхөхөөр оролдож байгаа боловч тэдэнд ийм боломж нөлөө бий эсэх нь эргэлзээтэй аж.
“Хэрвээ Франц, АНЭУ, Египет ба Израиль улсууд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс, бүс нутаг дахь Туркийн нөлөөг хязгаарлах зорилгоор сөргөлдөөнийг үргэлжлүүлэхээр өдөөн турхирахгүй бол Грек, Турк хоёр хоорондын зөрчил маргаанаа зохицуулж чадна” гэж Хатан хааны дэргэдэх Батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн шинжээч Мерал дүгнэлээ.
Эх сурвалж: ВВС